Өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-29 19:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ 2012 оны гуравдугаар сарын 07-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж эхэлсэн Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг дахин боловсруулснаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль санаачлагчийн илтгэлдээ дурдлаа. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажна хэмээн хууль санаачлагч онцлов.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан, Л.Болд нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ