ТЕАТРЫН УРЛАГ ДАХЬ ТАРКОВСКИЙ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-01-31 18:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ


“Урлагт үнэн амьдар”. Яг л Баярцагааны Баатар шиг... Энэ үгс үргэлж амьд сонстоно. Магадгүй урлагийн төлөөх урлагийг хэн бүхэн бүтээж чадах ч түүнд ямар ч цаг хугацааны туршид үнэнч хэвээрээ үлдэнэ гэдэг огт өөр.


Өнгөрсөн онд “Үндэстний Тойм” сэтгүүлийн №369 дугаарт тоймч Я.Баяраагийн “Б.Баатар бол Баатар” нэртэй нийтлэл хэвлэгдэж байсан билээ. Тэнд Б.Баатар бол дутуухан, гуцуухан, дундууртаа сэтгэл нь ханасан манай цаг үеийн, манай урлагийн баатар байлаа. Үүний гэрч нь эхлэлээсээ төгсгөл хүртэл бүхий л алхам, эргэлтийг нь яв цав тооцоолсон, үйлдэл бүхэн нь зорилгод зангидагдаж, зорилго бүхэн нь тайлалаа хурцалсан түүний жүжгүүд” хэмээн өгүүлжээ. Үнэхээр л үл дүүрэх бүхэнд сэтгэл нь ханачихсан, түүнийг өөрөө л дүүрэн болгож, театрын урлагт шинэ гэгээ татуулахаар зорьсноос бус аяглаж хойш суугаагүй нь жинхэнэ уран бүтээлч байсныг нь гэрчилдэг.


Нэрт найруулагч Г.Доржсамбуу театрын босгоор тормолзсон алаг нүдтэй залуухан хүүг дагуулан орж ирээд “Энэ хүн бол Киевийн урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн чадалтай найруулагч” хэмээн уран бүтээлчдэд танилцуулж байсан хэмээн Ардын жүжигчин Н.Сувд дурсан ярих нь олонтаа. Тэр цаг үеэс л Б.Баатар найруулагч өөрийн байх ёстой газарт, яг зөв цагтаа ирсэн бөгөөд жил бүр л театрын уран сангаас тайз руу шилжин гардаг сонгодог жүжгүүдэд эрс шинэчлэлт хийж эхэлсэн билээ.


Мөнхүү дэлхийн томоохон театруудын нэрийн хуудас болсон жүжгүүдийг монголын театрт тавих ажлыг нэн даруй эхэлсэн нь анзаарагддаг. Гэвч тэр яардаггүй байж. Учир нь зарим жүжгийн асуудлаар олон сар ярилцаж, зохиолд судалгаа хийсний дараа бүрэн гүйцэд боловсруулсан хойно үзэгчдийн хүртээл болгодог байлаа.


Бие нь эрс дордсон хэдий ч таван жил дотроо бодож, тархиндаа боловсруулж явсан бүхнээ бодит үйл хэрэг болгохоор зориглосон нь Лев Толстойн “Адууны түүх” байв. Азид анх удаа энэ жүжгийн Б.Баатарын хичээл зүтгэлээр монголын театр амилуулсан билээ. Харин тэр жүжгэн дээрээ гүйцэд ажиллаж чадаагүй юм. Тиймдээ ч “Адууны түүх” хий хоосон текстийн цуглуулга болж, жүжигчдийн замбараагүй үйлдлийн шугам дундуур огтоос зангидагдаж чадаагүй үйлдлүүдтэй, гол дүрийнх нь жүжигчид хэтэрхий “модон” тоглолт үзүүлсээр хөшиг хаагдсан. Мэдээж Б.Баатар найруулагч гүйцэтгэлээ бүрэн бүтэн хийж, театрын тайзнаа “Адууны түүх” амилсан бол монголчуудад ойрхон сэдэвтэй тус жүжиг үзэгчдийн сэтгэлд түмэн агтны төвөргөөн дуулгах байсан биз ээ.


ДУНД ӨГҮҮЛЭХ НЬ




“Уран бүтээлч хүн аль болох мэдэхгүй, чадахгүй зүйлээ барьж авч байх ёстой. Тэгэх аваас хүн уншдаг юм, бас сэтгэдэг ч юм”. Энэ бол түүний насан туршдаа баримталж ирсэн зарчим. Үүндээ ч чин үнэнч байсан нэгэн бол Б.Баатар. Тийм л учраас Б.Лхагвасүрэнгийн “Дугуй хээтэй тооно”, Г.Фигейредогийн “Эзоп”, А.П.Чеховын “Цахлай”, Н.В.Гоголийн “Амьгүй албат”, С.Жаргалсайханы “Тэмүүжин” зэрэг бүтээлүүдийг театрт мөнхөлсөн билээ. Нөгөөтэйгүүр хамгийн хэцүү, тайзанд амилах боломжгүй гэгддэг Д.Урианхайн  “Хүн бүгд би”, “Харанхуйд харагдахгүй буюу 2-1=0”, “Ганцхан алхахад уулзана” зэрэг гурван ч бүтээлийг найруулан тавьж чадсан юм.


А.П.Чеховын “Цахлай” бол маш хүнд жүжиг. Дүрүүд нь хэдэн ч үйл шугам руу зэрэг хувьсах магадлалтай бөгөөд илэрхийлэл нь үзэгч болгонд өөрөөр хүрнэ. Харин үүнийг хэрхэн яаж хүргэх вэ гэдэгт л асуудлын гол нь байв. 2001 онд тэрээр УДЭТеатрт гурван жүжиг найруулан тавьсны нэг нь “Цахлай” байв. Энэ талаар Д.Урианхайн бичиж хэвлүүлсэн шүүмж байдаг. Хэн хүн болгоны жүжигт уригдаж очоод, тэр талаар ам нээгээд байдаггүй эрхэм зохиолч Б.Баатар найруулагчийн тавьсан “Цахлай” жүжгийг үзээд “Б.Баатарын найруулга, зориудын “гажилт” “Цахлай”-г үзээд дууссаны дараа их зөв юм шиг санагдаад явчихсан. Эмгэнэл, инээдэм хоёр ерөөсөө нэг тэрэгний хоёр дугуй, цахилгаан соронзон орны хуваагдал бүгд дээрх нэмэх (+), хасах (-) туулиуд шиг хам шинжит хүний амьдралын үзэгдэл ч байж мэдэх юм” хэмээсэн нь туйлийн оновчтой санагдана.


Б.Баатар найруулагч “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээсээ татгалзаж байв. Түүнд шагнал хүртэх сонирхол огт байгаагүй буюу жүжиг тайзан дээр найруулан тавих үйл явц л чухал байсан нь мэдээж. Хүн болгон энгэртээ ямар нэг тэмдэг гялалзуулчихсан явах энэ цаг үеийн өмнөөс ичих, эмзэглэх сэтгэл чухам тэр буюу.


ДАХИН ӨГҮҮЛЭХ НЬ




Алдарт Лев Толстойн туужаас сэдэвлэгдсэн “Адууны түүх” монголын театрт морин төвөргөөн пижигнүүлэхээс өмнө Б.Баатар найруулагч төсөрхөн төсвөөр Ц.Хулангийн “Монгол ардын суут” жүжгийг хүүхэлдэйн театрт найруулан тавьж байв. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, П.Батхуягийн “Үйлийн гурван чулуу”, Ц.Хулангийн “Монгол ардын суут” зэрэг гурван жүжиг тавигдсан. Үүн дотроос их зохиолчийн амьдралын сүүлчийн шөнийг харуулсан “Монгол ардын суут” жүжиг зохиол, утга агуулга, найруулга зэргээр эрс ялгарч байсан билээ.


Уг чанартаа “Монгол ардын” суут жүжгийн “текст”, дууны найруулга, гэрэл, тайзны зураг зэрэгт өөлчихмөөр эсвэл бүр онцгойлчихмоор зүйл юу ч байсангүй. Энэ нь үзэгч хэмээх “би”-д төрсөн анхны сэтгэгдэл. Бүх зүйлийг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж эсвэл дутаалгүйгээр хийсэн. Энэ бол мэдээж Б.Баатар найруулагчийн гавьяа гэдгийг онцлон дурдууштай.


Оросын тайз дэлгэцийн урлагийн онолч, найруулагч В.Э.Мейерхольд “Юуны түрүүнд жүжигчин, найруулагч хоёр жижиг хэсгүүд дээр хамтран ажиллахад найруулагчийн арга ажиллагаатай холбоотой хоёр өөр чиглэл ажиглагдаж байна. Үүнд: нэг арга нь жүжигчний төдийгүй үзэгчийн бүтээлч хандлагыг нухчин дарамталдаг; нөгөөх нь жүжигчнийг төдийгүй үзэгчийг чөлөөтэй эрж хайж ургуулан бодох боломжоор хангах нөхцөл бололцоог бүрдүүлдэг” хэмээсэн буй.


Б.Баатар найруулагч зохиолчийн бичсэн шиг олон өнгийн эрвээхэйг тайзан дээр бүтээдэггүй. Тэр өнгө өнгийн эрвээхэйнүүд текст дээрээ л үлджээ. Тайзыг бүхэлд нь бүрхсэн дэнгийн эрвээхэйнүүд зөвхөн хар өнгөтэй л байв. Мөнхүү энэ үйл явдал жүжгийн төгсгөлд бус дундуур нь үзэгдэх аж. Найруулагч жүжгийн тайзан дээр шинээр зохиомжилж, найруулан тавьсан нь тэр. Тиймдээ ч үзэгчдэд “эрх чөлөөтэй эрж хайж ургуулан бодох” нөхцлийг бүрдүүлж өгч буй юм.


Д.Нацагдоржийн ихэнх бүтээлүүд “бүх нийтийн төлөөх” хандлагатай байсан бол түүний тухай жүжиг “солпсилис” үзэлтэй байх нь хамгийн зөв шийдвэр. Магадгүй зохиолч Ц.Хулан үүнийг анзаараагүй байсан ч Б.Баатар найруулагчийн бүхий л шийдэл нь урлагийн төлөөх урлагийг “Хүүхэлдэйн театр”-т бүтээж чадсаныг энд онцлон дурдууштай.


ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ




Саяхан “Урлагт үнэн амьдар...” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж Монголын театр, радио, урлагийн үе үеийн зүтгэлтнүүд, залуу хойч үеийнхэн Б.Баатар найруулагчийг эргэн дурсав. Учир нь тэрээр өнөөдөр амьд сэрүүн асан бол 60 нас хүрэх байлаа. Энэ үеэр “Б.Баатар найруулагч” санг шавь нар болон үр хүүхдүүд нь хамтран байгуулж буй мэдээг дуулгасан юм. Уг сангийн үйл ажиллагааг нэрт найруулагч агсны хүү Б.Энхжин тэргүүлж, залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах тухайгаа хэллээ. Мөн түүнд зориулсан хөшөөг зураач, барималч Г.Энхтөр бүтээж тус арга хэмжээний үеэр нээлтээ хийсэн юм.


Б.Баатар найруулагчийн Монголын театрт шинэ гэрэл, эрэлхийллийн томоохон давалгааг бий болгосон цаг үеийг кино урлагт оросын нэрт найруулагч А.Тарковский гэрэл татуулан орж ирсэнтэй дүйцүүлж болно. А.Тарковский өөд болтлоо кино урлагт үнэнч байсан бөгөөд түүнд бүтээж амжаагүй олон уран бүтээл үлдсэн билээ. Үүнтэй агаар нэгэн Б.Баатар найруулагч ч мөн “Адууны түүх” жүжгэн дээрээ гүйцэд ажиллаж амжаагүй бөгөөд өөр ярьж байсан олон жүжгийн санаагаа гүйцэлдүүлж чадаагүй юм. Тэр бол яах аргагүй Монголын театрын урлаг дахь Тарковский билээ. 


Гэрэл зургийг | Т.Чимгээ

Холбоотой мэдээ