Малыг ялган тэмдэглэж, бүртгэх системийг шинэчилнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-30 15:35:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 аймгийн 53 сумын 369 мянган толгой малыг ангилж бүртгэснээс 150 мянган малыг ялган тэмдэглэж, ээмэгжүүлээд байна.

Дээрх ажлыг эрчимжүүлэх үүднээс ХХААХҮЯ Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. "Мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд малын гарал үүслийг тодорхойлох нь чухал бөгөөд энэ ажлыг хариуцаж буй ХХХААҮЯ малыг бүртгэлжүүлж, мэдээллийн сан бий болгож байна" гэж тус яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн онцолж байна. Тэрбээр, “Туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд хэрэгжүүлж, нийт 170 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэх юм. Энэ талаар махны хоёр үйлдвэртэй хамтран ажиллана. Төсөл энэ оны нэгдүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилнэ” гэв. Төслийн хүрээнд,

  • малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг шинэчилж, мэдээлэл дамжуулах зориулалттай уншигч төхөөрөмжийг ашиглах,
  • малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах боломжийг бүрдүүлэх аж.

Нэгэнт бий болсон системийг шинэчилснээр мал үржлийн ажлыг шинэ шатанд гаргаж, малын ашиг шим, үүлдэр угсаа сайжирна гэж үзэж байна. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаснаар малын хулгай буурна. Малын гарал үүслийг тодорхойлж, мөрдөн мөшгидөг болсноор түүхий эдийн чанар сайжрах зэрэг олон үр дүн гарна гэж Францын Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан Эрик Рехбен тайлбарлаж байна. Төсөл үр дүнд хүрч чадвал цаашид Монгол Улсын бүх аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ