Онцгой байдлын алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-31 14:44:25

МОНЦАМЭ/. Завханы Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн бүлгийг Улиастай сумын II цэцэрлэгийн харьяанд байгуулжээ.

Тус бүлэг нь УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг 70 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулагджээ. Аймгийн Онцгой байдлын газрын хуучин албаны конторын нэг давхар барилгыг алба хаагч нар өөрсдөө засварлаж хүлээлгэж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар тус бүлэг нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш нэг, хөдөлгөөн засалч, сувилагч багш нэг, туслах багш нэг, тогооч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн бүлгийн дэргэд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилж, сургуулийн өмнөх боловсрол олгох юм байна. Энэ сарын 23-ны өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус бүлэгт өдрийн цагаар хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны хүүхдүүдийг сувилах юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны бус хүүхдүүд нь цагаар сувилгаа эмчилгээнд хамрагдах боломжтой ажээ. Онцгой нөхцөлд цэцэрлэгийн “Ирээдүйн аврагчид” бүлгийн цагийн хуваарийг уртасган ажиллуулах юм байна. Өнөөдрийн байдлаар “Ирээдүйн аврагчид” бүлэгт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 30 гаруй хүүхэд, Улиастай сумын хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхэд өдрөөр сувилуулж байна. Цаашид аймгийн Онцгой байдлын газраас дулаан, ус гэх мэт байрны ашиглалтын зардлыг нь хариуцаж, СӨБ-ын боловсрол олгох бусад зардлуудыг Улиастай сумын II цэцэрлэг хариуцан ажиллахаар болжээ. Цэцэрлэгийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тэргэнцэр, ор гэх мэт тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Аймгийн хэмжээнд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг томуу төст өвчинтэй холбоотойгоор түр зогсоосон байгаа хэмээн Улиастай сумын II цэцэрлэгийн эрхлэгч С.Юмчмаа мэдээлэв.

Ж.Наранцацрал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сувилуулах

газартай болно гэдэг том дэмжлэг юм

Завхан аймагт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 390 гаруй хүүхдүүд бүртгэлтэй байдаг.

Үүнээс Улиастай сумд 85 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийг сувилуулах, эмчлүүлэх, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх газар байдаггүй. Өнөөдөр эдгээр хүүхдүүд гэрийн нөхцөлд аав ээжийнхээ асаргаанд хүмүүжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс үл хамааран цэцэрлэгт хамруулан хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, орчин, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр тухайн хүүхдэд буй согог, бэрхшээлийг сургалтын явцад засан сайжруулах боломжийг олгосон цэцэрлэгийн бүлэг байгуулагдлаа. Үнэхээр баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг байгуулж өгөхийг шат шатны удирдлагуудаас олон удаа хүсэж хөөцөлдөж байсан. Нэг л болж өгөхгүй байсан. Ингээд 2017 оны тавдугаар сарын нэгний өдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяад хандаж манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны аав ээжүүд хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу их хурлын гишүүний ажлын албатай хамтран, холбогдох газруудтай уулзаж бас шинэ цэцэрлэг байгуулах итгэл найдвартай энэ ажлыг эхлүүлсэн. Ингээд нэг жил таван сарын дараа бид цэцэрлэгийн бүлэг байгууллаа. Энэ бол чамлахааргүй амжилт юм. Хэдийгээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг биш ч гэсэн дулаан тухтай орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сувилуулах, боловсрох, хөгжих өөрийн гэсэн бүлэгтэй боллоо гэдэг нь л эцэг эхчүүдэд үнэхээр том урам, дэмжлэг боллоо. Цаашид манай холбооноос тусгай цэцэрлэгийг байгуулж өгөхийг холбогдох албаныхандаа уламжилсан. Байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр тус бүлэгт Улиастай сумын 2-5 настай найман хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бариа засал хийлгэж сувилуулж, хөгжиж байна. Мөн энэ бүлгийн дэргэдэх хүүхэд хөгжлийн төвд зургаагаас дээш настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ээж аавууд нь цагаар очиж сувилуулах боломжтой болсон. Бусад аймагт тухайлбал Хөвсгөл, Баян-Өлгий гээд аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах, сувилах, нийгэмшүүлэх ийм төвүүд нь цогц үйл ажиллагаатай ажиллаж, сургуулийн өмнөх боловсролоос гадна насан туршийн боловсролын ангиар дамжуулан хүүхдүүдийг нийгэмшүүлдэг юм билээ. Цаашид цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгаа нь дээрх тоо, статистикаас тодорхой харагдаж байгаа юм. Үүний тулд эрт илрүүлэг хийж, сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах нь чухал. Хөгжлийн бэрхшээл зөв сургалтын системийн үр дүнд илааршиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн иргэний адил нийгэмшсэн тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Энэ үр дүнгийн төлөө Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо тууштай ажиллана. Бидний цэцэг эхчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөх энэ ажилд маш шуурхай арга хэмжээ авч дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяад баярлалаа. Мөн тодорхой хэмжээний төсвийг шийдэж өгч дэмжиж ажилласан аймгийн удирдлагууд, БСУГ, Онцгой байдлын газрын алба хаагч нарт талархал илэрхийлье. Цаашид ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж  байгаа. Өнөөгийн цаг үед тусгай хэрэгцээт цэцэрлэгүүдийн сургалтад хэрэглэж буй нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх, мэдээлэлгүй гэртээ хүүхдээ харж буй гэр бүл, эцэг, эхчүүдэд мэдээлэл түгээхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна хэмээн Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны тэргүүн Ж.Наранцацрал ярилаа. 

Холбоотой мэдээ