Хашоггийн хэргийн мөрдөн шалгах ажлын талаар Помпео Конгресст танилцуулав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-09 12:56:53

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын явцын талаарх шинэ мэдээллийг Конгресст танилцуулжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдээлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабын хунтайж холбоотой гэж үзэж байгаа засаг захиргааныхаа байр суурийг тогтоосон хугацаанд Конгрессын Сенатын танхимд танилцуулахаас татгалзсан гэж урьд нь мэдээлжээ.


“Сэтгүүлчийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд хөнөөсний дараа бид Конгресстой тогтмол зөвлөлдөж, холбоотой ажилласан. Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр шинэ мэдээлэл өгсөн гэдгийг бид нотолж байна. Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутнуудад хариуцлага хүлээлгэхийн тулд бид Конгресстой цаашид хамтран ажилласаар байх болно” гэж Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.


Сүүлийн жилүүдэд АНУ-д оршин сууж, “Washington Post” сонинд ажиллаж байсан Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон билээ. Тэрбээр Консулын газар амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хоёр долоо хоногийн дараа хүлээн зөвшөөрч, энэ хэргээр 11 хүнийг баривчилсан бөгөөд Саудын Арабын Прокурорын газар энэ хүмүүсийн тавд нь цаазаар авах ял оноохыг шаардсан юм.


 


Холбоотой мэдээ