Ядуу хүн, ядарсан хүн хоёр гэдэг бол ялгаатай зүйл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-10 20:08:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Шороон нохой жилд "Улсын аварга малчин”-аар Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Жигжидийн Энх-Амгалан, Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатар, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Галсанжамцын Дашдэндэв, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Дамбасүрэнгийн Амарсайхан, Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Батаагийн Оргодолболд, Галшар сумын Сангийн Далай багийн малчин Самбуугийн Лхагвасүрэн тус тус тодорсон бол "Улсын хошой аварга малчин”-аар Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Доржийн Цагаан-Өвгөн тодорсон юм. Ингээд хошой аваргынд зочилсон сурвалжлагаа хүргэе.

-Малчин хүн чин сэтгэлтэй, зорилготой, хөдөлмөрч байж гэмээ нь буян заяаг нь эдэлдэг юм

-Бага наснаасаа нэгдлийн малын зах үзэж ажил хөдөлмөрт шамдаж сурсан айлын ганц хүү Доржийн Цагаан-Өвгөн хүүхэд байхаасаа аав ээжийнхээ үгнээс гардаггүй, ажилд няхуур, малд нүдтэй тун чамбай нэгэн болж өсчээ.

Д.Цагаан-Өвгөн 1975 онд Мөрөн сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг дүүргээд Улаанбаатар хотын хилийн цэргийн 134-р ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан байна. Тэндээ суурьшиж ажил хөдөлмөрийн мөр хөөн, төв суурин газар бараадаж амьдрах боломж байсан хэдий ч ижий аавынхаа голомтыг сахих ганц үр нь учраас өөрөө өөртөө эзэн болж малчин болох замыг нэгэнт сонгосон юм гэдэг. Улмаар 1983 онд гэргий Жонжигжавын Цэрэнчимэдтэйгээ ханилаад 3 хүү, 1 охинтой болжээ.

Тэднийх анх нэгдлийн 2000 эр хурга хүлээн авч маллаж эхлэв. Нэгдлийн мал дагаж хэрсүүжсэний үр дүн гарч, тэрбээр сумын сайн малчнаар 6 удаа шалгарсны эцэст аймгийн “Залуу аварга малчин” болж бага залуу байхаасаа хөдөлмөрийн үр шимийг хүртэж урам зориг нь бадамласаар иржээ. 1991 онд өмч хувьчлал явагдах үеэр зуу гаруйхан малтай үлдэж байсан нь өнөөдрийн мянга мянган төлийнх нь эх ундарга ажгуу.

Эдний гурван хүү өдгөө гурвуулаа малч удмаа даган мал маллан амьдарч байна. Хоёр хүү нь мөн л Мөрөн сумынхаа мянгат малчид. Бага охин нь хувиараа бизнес эрхлэгч агаад эднийх үр хүүхэд, ач нар нийлээд өнөр өтгөн өрх айл болжээ.

Д.Цагаан-Өвгөн ярихдаа, -Одоо ач нар маань эхнээсээ сургуулийн сурагч болсон. Ээж нар нь хүүхдүүдээ аваад аймгийн төвийн сургуульд сургахаар төв бараадаж амьдардаг. Гэтэл мал дээр идэр насны залуухан эр хүн тун тухгүйхэн л ганцаараа үлдэж харагдах юм. Ингээд нэг гэр бүл хүүхдүүдээ сургууль төгстөл нь тусдаа амьдарлаа гэж бодоход гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжлээс эхлээд түр салалтын байдалтай байна гэхээс сэтгэл зовинонгуй явдаг тухайгаа нуусангүй. Энэ нь өнөөдрийн залуу малчин гэр бүлүүдийн маш тулгамдсан асуудал болжээ.

 

Удам дагасан малч хүнд урт холын бодол бий

Д.Цагаан-Өвгөн анх Гавъяат нэгдэлчин Д.Намжил гэдэг хүнийг дагалдаж отор нүүдэл хийж эхэлсэн байна. Чухам яг тэр л үеэс Намжил гуайн арга барилыг авч, хэзээ нэгэн цагт багштайгаа эн зэрэгцэх сэн гэсэн цагаахан мөрөөдөл тээн ажиллах болов. Мөн тухайн үед сониноос, гуч хүрээгүй насандаа Хөдөлмөрийн баатар болсон Ц.Намхайнямбуугийн талаар олж уншаад ихэд бишрэх сэтгэл төрөн хайчилбар болгон авч нандигнан хадгалжээ. Бодол биеллээ олдогийг ийн өөрийн биеэр баталж байгаа нь өнөөдрийн алдар хүндийн эзэн болгосон юм.

Түүнд нийгмийн сайн сайхны төлөө хийсэн зүйл нэгээр тогтохгүй. Нутгийн зон олонтойгоо эвтэй найртай байж бие биедээ тус дэм болох зарчмыг баримталдаг төдийгүй үр хүүхдүүддээ ч ингэж сургадаг. 1991 онд хувьчилж авсан 300 гаруй толгой мал сүргээ таван төрлөөр нь өсгөн бойжуулж, аль хэдийнээ мянга хол давуулж тэмээн сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлж явна. Энэ тоон үзүүлэлтээс гадна үр хүүхдүүддээ мал сүргийг нь өмчлүүлэн тасалж өгөх, сумынхаа амьжиргааны түвшин доогуур 4-5 өрхийг 800 гаруй толгой малаар малжуулжээ. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийн эмзэг бүлгийн хүүхдүүд болон цэцэрлэгийг малжуулахад санаачилга гарган биечлэн оролцсон байна.

 

Ядуу хүн, ядарсан хүн хоёр гэдэг бол ялгаатай зүйл

Одоогийн залуус мал маллах хуучны сайхан арга туршлагыг арай өөр тийш нь хэлбийлгэх гээд байх шиг. Монгол уламжлалаараа морио унаад уурга, шилбүүр бариад малдаа мордохоосоо илүүтэй мотоцикль унаад хонь, адуугаа хурааж байх нь нүд хальтрам дүр зураг. Үүнд Цагаан-Өвгөн малчин шүүмжлэлтэй ханддаг.

-“Би залуу гэр бүлийг малжуулахаасаа илүүтэй бага залуу хүүхдээр малаа харуулах, эсвэл өөрсдөө малаа маллахыг илүүд үздэг. Учир нь хүн гэдэг чинь айлын мал харахдаа өөрөө үр дүнг нь хүртэх юм шүү гэж бодохын оронд түүртэж хийдэг юм шиг санагддаг. Мал маллаж байгаа хүн өмнөө тавьсан том зорилготой байж үүнээс илүү амьдарч чадна гэж өөрийгөө үргэлж хурцалж байх хэрэгтэй. Ер нь тэгээд ч хөдөлмөр хийж байгаа хүний амьдрал цаанаа л өөр байдаг юм. Тийм хүн л таван хошуу малынхаа заяа буяныг эдэлж жаргадаг юм даа. Ядуу хүн, ядарсан хүн гэдэг чинь хоёр өөр ойлголт. Хүн хичнээн дэмжээд байхад түүнийгээ сайхан тэтгээд дэлгэрүүлээд аваад явж чадахгүй хүн бол ядуу хүн. Харин яалтчгүй байгалийн хуулинд хүчин мөхөсдсөн ч юмуу үнэхээр аргагүй болсон байгаад сайхан амьдрах чин хүсэлтэй хүн гэдэг бусдаас арай өөр байдаг юм. Тийм хүмүүсийг дэмжээд хамтарч ажиллахад урамтай байдаг. Тиймдээ ч туслах малчныг амьхандаа л шалгуур өндөртэй авдаг гэж боддог.

Ижий аавынхаа шүтэж дээдэлж ирсэн энэ сайхан нутагт нь залгамжлан амьдарч, надад өгсөн тэр өндөр итгэлийг нь дааж яваадаа баярладаг” хэмээсэн билээ.

 

Эхнэр Жонжигжавын Цэрэнчимэд:

Хөдөлмөрч хүнийг хөдөлмөр өөрөө бий болгодог юм

Д.Цагаан-Өвгөний гэргий Жонжигжавын Цэрэнчимэд багаасаа ээжээсээ хагацаж ах дүү наймуулаа аавтайгаа амьдарч иржээ. 1980 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн хуваарь авсан ч гэлээ нутагтаа ирээд Д.Цагаан-Өвгөнтэй танилцаж голомтоо бадраасан түүхтэй. Өдгөө үр хүүхэд ач, зээ нийлээд 20 хүрч яваа өнөр гэр бүл. Ханийнхаа нөмөр нөөлгөнд ээнэгшин дасч, хамтын амьдралаа холбоод 40 шахам жилийг үджээ. Айл гэрт эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Эднийх үнэхээр л ажилч хичээнгүй айл юм. Гэр орон, хашаа хороо нь эмх цэгцтэй цаанаа л нэг чамбай улс. Үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, мал сүргээ адгуулан маллахаас эхлээд үйл урлаж суух цаг завыг өөртөө гаргаж чаддаг нь малчин бүсгүй хүний байгалийн өгөгдөл үү гэлтэй. Энэ их ажлыг нугалж дадсаар бүхнийг өөрөө л амжуулаад сурсан нь илт. Хөдөлмөрч хүнийг хөдөлмөр өөрөө бий болгодгийн нэгэн тод илрэл болж 2018 онд төр засгаас түүнийг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Ингэснээр хоёр хөдөлмөрч малчны энгэрт хос Алтангадас гялалзах болсон юм.

Ж.Цэрэнчимэд хэлэхдээ: “Хүн хаана ч амьдарч ямар ч хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү өөриймсөг хандаж чин сэтгэлээсээ аливаа ажлыг хийвэл сэтгэл санаа өөдрөг байж тэр хэмжээгээрээ үр дүн нь сайнаар ирдэг” хэмээлээ.

Тийм ээ, хөдөлмөр хүнийг бий болгодгийг малчин заяагаараа батлан харуулж, төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлэгдэж яваа малчин гэр бүл бол “Улсын хошой аварга малчин” алдрын эзэн Д.Цагаан-Өвгөнийх.

 

Холбоотой мэдээ