Валентины өдрийн бэлгэнд бэлэн амттан өгөхийг илүүд үзэх болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-11 13:23:57

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д Гэгээн Валентины өдрөөр шоколад бэлэглэдэг хүмүүс амттанаа өөрсдийн гараар бэлтгэхээс илүүтэйгээр бэлэн буюу савлаж бэлтгэсэн бүтээгдэхүүн худалдан авах нь нэмэгдсэн тухай цахим худалдааны “Auction” компанийн тайланд мэдээлэв.


Мэргэжилтнүүд 2015-2019 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 7 хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авсан шоколадны хэмжээг харьцуулж үзсэн байна. Тайлангийн дүнгээс үзэхэд, 2015 онд нийт борлуулалтын 41 хувийг өөрийн гараар бэлтгэх зориулалттай бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 11 хувь болж буурсан байна. Харин савлаж бэлтгэсэн амттангуудын борлуулалтын хэмжээ 39 хувиас 51 хувь болж өсжээ.


Импортын шоколаднуудын борлуулалт мөн өсч, 2015 онд 11 хувь байсан бол энэ онд 22 хувьд хүрсэн ажээ. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авагчдын дийлэнхийг 20-30-аад насныхан бүрдүүлж байсан тухай тайланд тэмдэглэсэн байна.  

Холбоотой мэдээ