Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний лагшин шүтээнийг нутагт нь зална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-13 21:25:19

Архангай /МОНЦАМЭ/. Монгол орноо Шашны гурван зул хэмээн алдаршсан дээдсүүдийн нэг Халхын Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний лагшин шүтээнийг нутагт нь залж, лагшин хайлах ёслолыг хаврын тэргүүн сарын шинийн 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монголд Зая гэгээний долоон дүр заларсан байдаг ба анхны дүр нь 1642 онд тодорч байжээ. Анхны дүр нь бурхан шашны олон ном бичсэнийг дараа дараагийн дүрүүд номын бясалгал хийж, бурхан шашныг хөгжүүлэх ёс суртахууныг бий болгох, төлөвшүүлэх, зон олондоо айлдвар айлдах гэх мэтчилэн үйлсийг бүтээжээ.

Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээн дүрст лагшингаа номын агаарт хурааж, богино насалсан нь шавь нарын буян дутмагаас болжээ гэж бурхны номонд үзэж байгаа ажээ

Ингээд нутгийн зон олон шинийн 9-ний өглөө 09.00 цагт Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд мөргөлд оролцож, шинийн 10-ны өглөө 09.00 цагаас Гэгээний лагшинд орон хийдийг танилцуулан Майдарын замаар гороолох ба 09.40 цагийн үед "Зая" цогцолбор буюу 1-р Зая гэгээний хөшөөний урд Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэй салах ёс хийж, хадаг, хүж тэргүүтний хамтаар ерөөл тавьж, буян үйлдэх юм.

Иймд сүсэгтэн олныг хараал, хэрүүл тэмцлийг огоорч, сэтгэлээ засаж, ариусган, Монгол хувцас дээлтэй буян үйлдэхийг хэвлэлийн бага хурал хийсэн "Дээд бодь" хийдийн хамба лам Ч.Цэдэндамбаа, МБШТөв Гандантэгчинлэн хийдийн хамба лам С.Түвдэндорж, Орхон аймгийн Гончиг Сүмлин хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, ТББД хийдийн гэсгү лам Н.Бэгзсүрэн нар хэллээ.


Зая гэгээнтэй салах ёсыг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, аймгийн Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх хийд болон төр захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ