Бух хайрханыг иргэд нар битүү зорьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-13 21:27:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэд сар шинийн өдрүүдэд Архангай аймгийн нутагт байдаг “Бух” хайрханыг зорьж мал сүрэг, ажил үйлсээ даатган залбирах нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж зөвхөн Хөвсгөлөөс өдөрт 300 гаруй иргэн зорьж байна. Өнөөдөр сар шинийн 8-ы өдөр иргэд Бух хайрханыг иргэд нар битүү зорьжээ. Учир нь Бух хайрханы чих шинийн 3,5,8,15-ы өдрүүдэд онгойж иргэдийн залбирсан хүслийг биелүүлдэг гэж нутгийн иргэд өгүүлдэг учраас энэ өдрүүдэд маш их хүн ирж ажил үйлсээ даатгадаг аж.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Идэр, Чулуут голын бэлчир дэх хос хүрмэн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй томоохон чулууг “Бух” хайрхан шүтээн гэж нэрлэн олон жил шүтэн тахьсаар иржээ. Сар шинийн дараа  Архангай, Хөвсгөл, Булган, Завхан зэрэг аймгийн ойролцоох сумдын иргэд зорин ирж мөргөн залбирдаг юм. Тус хайрханы тухай “Эрт цагт тус газар аварга могойн аюул нүүрлэж байсан үед жаран бухын тэргүүн цэнхэр бух дарж хэвтэн ард түмэнд жаргал авчирсан” гэж домогт өгүүлдэг байна. Бух хайрхан шүтээнийг хүний шүтлэгийн хирээр хүслийг биелүүлдэг увидастай гэж хүндэтгэн дээдэлж мөргөж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөн элс дээжээс нь амсаж, хүслээ шивнэж гарч буй жилийн ажил үйлсээ даатгадаг ажээ. Бух хайрханд 3 жил дараалан тасралтгүй очвол өвчин зовлонгүй эрүүл энх байдаг төдийгүй мал сүрэг өсөн нэмэгдэж үр хүүхэд тогтдоггүй айл үр хүүхэдтэй өнөр өтгөн болдог гэж нутгийн иргэд хуучилж байлаа.

Холбоотой мэдээ