Татварын багц хуулиар НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-13 17:00:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн нэг нь Татварын багц хууль юм. Энэ хуулийг баталснаар иргэд ААН-үүдэд олон боломж нээгдэнэ гэж МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважав үзэж байна. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай ААН-ийн татвар нэг хувь болно.

Энэ нь манай улсын эдийн засаг өсөхөд дэмтэй, иргэдэд ихээхэн хөнгөлөлт болно хэмээн үзэж байна. Тэрээр, “Энэ оныг эдийн засгийн өсөлтийн макро түвшний амжилтыг иргэд, ААН-үүдэд үзүүлэх чухал жил болно. Тиймээс иргэд, ААН-үүдэд боломж олгох татварын багц хуулийг УИХ хаврын чуулганаар даруй батлахыг 157 мянган аж ахуйн нэгж хүлээж байна” гэдгийг онцолж байна.

Татварын багц хууль нь Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын тухай хуулиудаас багтаж буй юм. Татварын багц хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Үүнд

  • Барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсан.
  • Алдагдал шилжүүлэх хугацааг салбараар нь ялгалгүй бүгд таван жил болгожээ. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр хийсэн үед алдагдал тооцохгүй. Дараагийн жилүүдэд тооцох боломжтой.
  • Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржээр арилжаалсан хувьцаа, өрийн бичиг, зээлийн хүүгийн орлогыг 20-иос таван хувь болгон бууруулна.
  • Монгол Улсын ААН гадаадад үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн бол Монгол Улсын татвараас хасна.
  • Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгана. Өнөөгийн хуулиар татварын өрийг хамгийн ихдээ хоёр сараар сунгуулдаг.
  • Татварын хялбаршуулсан тогтолцоо шинээр нэвтэрнэ. 
  • 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН, хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнана.
  • Мөн татварын бүртгэл, тайланг цахимжуулахын сацуу жилд дөрвөн удаа авдаг байсныг цөөрүүлэхээр заасан юм.


Энэ дашрамд мэдээлэхэд татварын орлого 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд хүрсэн. Энэ нь төлөвлөснөөс 29 хувь буюу 1.8 их наядаар давсан үзүүлэлт бөгөөд үүний дотор ААН-ийн орлогын албан татвар өмнөх оныхоос 32 хувиар нэмэгдсэн байна.



УИХ дээр гацаад байгаа татвар, бизнестэй холбоотой хуулиудыг хэлэлцэн батлахыг УИХ, Монгол Улсын Засгийн газарт нийт бизнес эрхлэгчдээс шаардсан мэдэгдлийг МҮХАҮТ гаргаад байгаа юм. Сангийн яамнаас мэдэгдэж байгаагаар УИХ-аар хэлэлцэх Татварын багц хуулинд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар тусгаад байгаа юм.

Б.Болд

 

Холбоотой мэдээ