“Монгол базальт” ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-14 11:41:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол базальт” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдээд байна. Нэгж хувьцаанд нэг төгрөг ногдож байгаа юм.

Ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан энэ оны аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ. Тус компани нь Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй юм.

Тэгвэл “Эрдэнэс ресурс девелопмент корпорэйшн” компани хаалттэй хүрээнд нэмж хувьцаа гаргахаар болов. Тус компани нь Монгол Улсад хайгуул хийдэг, Монголын Хөрөнгийн биржийн мөн III ангилалд бүртгэлтэй юм.


“Эрдэнэс ресурс девелопмент корпорэйшн” нь Торонтогийн хөрөнгийн биржид 7.608.696 ширхэг үнэт цаасыг нэмж бүртгүүлж, нэг бүрийг нь 0.23 канад доллароор хаалттай хүрээнд санал болгон худалдаж, нийт 1.750.000 канад долларын  хѳрѳнгѳ  оруулалтыг татахаар төлөвлөжээ.


Татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Хөндий алтны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах, ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн ѳргѳдѳл гаргах, Монгол Улсын УУХҮЯ-наас олгож эхэлсэн тусгай зѳвшѳѳрлийн сонгон шалгаруулалтад оролцох, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулахаар тѳлѳвлѳж байна.

Холбоотой мэдээ