Ё.Баатарбилэг: БСШУС-ын салбарынхан газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-15 11:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлж буй. Энэ хүрээнд соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авлаа. 

Соёл урлагийн байгууллагуудын хувьд барилга байгууламж хуучирсан, даац хэтэрсэн, шинээр барихад газрын асуудал гарч ирэх зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байна. Мөн соёлыг хөдөө орон нутагт түгээхэд машин техникийн асуудал тулгардаг болохыг хэллээ.

Захирлуудын олонх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болмоор асуудлыг шийдвэрлээгүйг сайд шүүмжлэв. Тэрбээр, “Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдийн халдлага явуулгад өртөх зэргээр газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна” гэв


Уулзалтын төгсгөлд тэрбээр соёл урлагийн байгууллагын захирлуудад дараах чиглэлийг өглөө. 

Хөгжилтэй орнуудын жишгээр хотоос гадна соёл урлагийн байгууллагуудыг нэгтгэсэн том хэмжээний газартай цогцолбор байгуулах талаар судлах, төлөвлөх ажлын хэсэг байгуулах, 

Соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл, үнэлгээний стандартыг судлах, Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргах,

Соёл урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд захирал, удирдлагууд идэвх зүтгэлтэй ажиллах, 

Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Тиймээс төрийн бус байгууллагуудтай хоёрдугаар сард багтаан уулзалт зохион байгуулах, 

Соёл урлагийн байгууллагууд 2019 онд яамны удирдлага зохион байгуулалтын дэмжлэгтэй явуулах ажлын жагсаалт төлөвлөгөөг гаргах, 

2008-2015 онд хэрэгжсэн Түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үндэсний хөтөлбөрийн тайланг танилцуулах, 

Соёлын өвийн асуудлаар мэргэжлийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийг яаралтай байгуулах хэрэгтэй гэв.

 

Холбоотой мэдээ