Яс боловсруулж тэжээлийн уураг, малын гаралтай тос гаргах үйлдвэр нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-15 15:16:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын гаралтай түүхий эд, тэр дундаа хаягдал ясыг дотооддоо бүрэн ашиглан боловсруулж тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэрийг өнөөдөр Эмээлтэд нээлээ.

Энэхүү үйлдвэр өдөрт малын гаралтай 96-100 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, залуу ажилчид, инженер технологич нарт баяр хүргээд, “Монгол Улс ХАА, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа ААН-үүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэлээ.


Үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Оюунбаттай уулзахад, “Манай улс мал, махаа экспортолж байгаа боловч, малын 30 хувь болох махаа гаргаад байхаас 70 хувь болох яс, арьсаа бүрэн боловсруулж чадахгүй хаядаг. Тэгвэл одоо тэр 70 хувийн дийлэнхийг эзлэх ясыг боловсруулж эхэлж байна. Үүгээр манай үйлдвэр цэвэр экологийн, дээр нь Европ стандартын, Итали улсын “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулснаар дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологитой юм” хэмээн онцлов.

Тэрбээр мөн, "Нийслэлийн “Хүчит шонхор” захад өдөрт 40-50 тонн яс хаягддаг байна. Үүнээс үзэхэд шинэ үйлдвэрийн түүхий эд дотооддоо бэлэн байна. Монголчууд бид аюултай хог хаягдал болох яснаасаа салж, буянт малынхаа үр шимийг үйлдвэрлэн шувуу, гахай, эргээд малаа тэжээх бүтээгдэхүүн гаргаж, хүн ам экологийн эрүүл хүнс хэрэглэх болж байгаа” хэмээн өгүүлэв. Тэжээлийн уураг буюу витаминыг хэрэглэсэн амьтны ашиг шим нэмэгдэж гарц сайжирдаг байна. 

Энэ утгаар дээрх үйлдвэр нь нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт яв цав нийцсэн нэг тод жишээ үйлдвэр болж байна.





Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уураг импортоор авдаг. Тэгвэл “Protein” үйлдвэр нь гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай юм. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад гаргахаар төлөвлөжээ. “Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулсан байна.

Дашрамд дурдахад, “Protein” үйлдвэр нь энэ өдөр Монгол болон Израйл улсад нэгэн зэрэг нээгдэж байна.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал



 

Холбоотой мэдээ