2019 оныг Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-02-19 08:03:36

Ховд/МОНЦАМЭ/ Өнгөрсөн сүүлчээр болсон Ховд аймгийн Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн дээр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн эдийн засаг   нийгмийн байдал, дунд хугацааны хөгжлийн стратегийн талаар тодорхойлсон юм. Ховд аймгийн хөгжлийн гарцын талаар  аймгийн Засаг даргаас тодрууллаа.

-Та энэ 2019 он онцлог чухал ажил хэрэгжүүлэх зорилт тавьсан бэ?

-Бид 2019 оныг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж, улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын талаар хийх ажлын жагсаалт гаргаж, ард иргэддээ таниулж байна.

Аймгийн хэмжээнд нийт  2380 орчим  аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 11,8 тэр бум төгрөгийн борлуулалт хийж,  аж үйлдвэрийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4 хувиар өссөн байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж сум хөгжүүлэх сангийн зээлийг аж ахуйн нэгж, иргэнд 3 хувиар тооцон 36 сар хүртэлх хугацаатайгаар олгож байна.Зээлийн эргэн төлөлт дунджаар 57.9 хувьтай байна. 2018 онд зээлийн эргэн төлөлтөөс 135 иргэн, аж ахуйн нэгжид 491,4 сая төгрөгийн зээл олгож, шинээр 135 ажлын байр бий болж, 36 ажлын байр хадгалагдсан байна.

-Энэ онд шинээр ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

-Оны өмнө бид “Шинэ Ховд” чуулганы хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, Цeмeнтийн үйлдвэрийн төсөл, жилдээ 50 мянган тн газрын тос боловсруулах бага хүчин чадлын нeфтийн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх Ховд Агро Парк, Малын гаралтай түүхий эд, мах, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор, гэр хорооллын айл өрхөд чиглэсэн "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл, Тээвэрложистикийн төсөл зэрэг томоохон төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийж, хэрэгжүүлэхээр санал солилцсон. Таван богд группын Говь ХК, Номин тав трейд ХХК, ХААН банк, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэндийн төслүүдтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад байна.

-Та Ховд аймгийн хөгжлийн гарцыг хэрхэн төсөөлж, харж  байна вэ?

-Ховд аймгийн хөгжлийн гарцыг мал аж ахуй уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, эрүүл бүсэд суурилсан махны үйлдвэр, Газар тариалан /усалгаатай тариалан, хадлан, тэжээлийн үйлдвэр, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ тариалах, ХАА-н боловсруулах үйлдвэрүүд /цэвэрлэх байгууламж, ноос, ноолуур угаах, арьс, шир боловсруулах, бусад өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хөгжлийн нэг чухал гарц гэж тодорхойлж байна.

Нөгөө талаар бүс нутгийн шинжлэх ухаан, боловсрол мэдлэгийн төв,Эрүүл мэндийн үйлчилгээний бүсийн төв /Бельгийн Засгийн Газрын төсөл, Хүүхдийн эмнэлэг/,Эрчим хүчний ханган нийлүүлэгч /Эрдэнэбүрэнгийн УЦС, Мянгадын нарны станц барих,олон улсын транзит авто тээвэр, логистикийн төв /АН-4 автозам, гаалийн баталгаат агуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх,Аялал жуулчлал /Их Алтайг тойрсон эко болон этно тусгай сонирхолын аялал жуулчлал, “Гурван сэнхэр төвтэй 5 од” аялал жуулчлалын хөтөлбөр, хариуцлагатай уул уурхай  хөгжүүлэх зэрэг нь Ховд аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлно гэж үзэж байна.

Мөн Ховд хот-бүс нутгийн эдийн засгийн таталцлын төв,хөрш орнуудыг холбосон хөгжлийн гүүр Ховд аймгийн хөгжлийн гарц байх болно.

 

Холбоотой мэдээ