"Гинжийг тасал-2" үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-19 00:20:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад илэрхийлэх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн өнөө өглөө нээгдлээ. 

“Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээлэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарлаж, хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ. Энэ ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Анхны жилийнхийг  “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүүхдүүд бидний нүдээр” сэдэвтэйгээр орон даяар зохион байгуулж,  нийт 160 гаруй бүтээл хүлээн авч байжээ.

"Гинжийг тасал" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн “Norphei Art галерей”-д энэ сарын 18-24-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх юм.

Холбоотой мэдээ