Нөөцийн өвс тэжээлийг яаран хуваарилахгүй байхыг анхааруулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-02-20 22:29:54

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд болсон албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын ээлжит цуглаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож, хаваржилт хүндрээд байгаа сумдын нөхцөл байдал болон аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрчлэн улсын нөөцийн өвс тэжээлийг шууд хуваарилахгүйгээр ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан нөөцлөх ёстойг анхааруулсан юм.

Хаваржилтын нөхцөл байдлын талаар олон улсын байгууллагуудад хандаж тусламж дэмжлэг хүсэх, аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж компаниудад байгаа нөөцийг хаваржилт хүндэрч буй сумд руу хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахыг мөн үүрэг болголоо.

Одоогоор Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна. Үүнээс Өлгий, Өмнөговь, Тариалан, Наранбулаг, Малчин, Түргэн сумдад хэт хүйтэрснээс хаваржилт хүндэрч, 15 мянган мал хорогджээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дээрх сумдад өвс, тэжээлийн туслалцаа үзүүлээд байна.

Ямартай ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлийн 10 хоногт цаг агаар дулаарах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ