Мялзан гарсан багийн нутагт ойрын хэдэн жил гахай тэжээх боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-20 19:20:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хилийн тосгон, аялал жуулчлалын гол бүс болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьтын 1-р багт гарсан гахайн мялзан хэмээх оноштой өвчний тархалтыг дөрөв хоногийн дотор таслан зогсоолоо. Харин энэ багийн нутаг дэвсгэрт ойрын 2-6 жил гахай тэжээж, өсгөх боломжгүй болж байгаа ажээ.

Мялзан өвчин даамжирвал хөрш зэргэлдээ улсад ч аюул нүүрлэх учир Сэлэнгэ аймгийн ОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Сүхбаатар сумын Засаг дарга, түүний тамгын газар, Онцгой комисс нэлээд хүч тавин ажиллалаа. Энэхүү эрсдэлт ажлыг шуурхайлахад Сүхбаатар хот дахь Тохижилт үйлчилгээний газрын хамт олон, мал эмнэлгүүдийн малын эмч нар томоохон үүрэг гүйцэтгэжээ. Тус Хонгорморьтын 1-р багийн гахай бүхий айл өрхүүдийн бүх гахайг устгалд оруулснаар эл ажил дууссан байна. Хэдийгээр хувийн мал хөрөнгөө устгуулах эсэх нь хувь хүний асуудал боловч Сэлэнгэ аймгийн иргэд цаашдын үр дагаврыг зогсоох үүднээс эрүүл гахайнуудаа ч устгуулахыг зөвшөөрчээ. Учир нь тус тосгон домогт Орхон-Сэлэнгийн бэлчир, Сайханы хөтөл, ардын хувьсгалын түүхт Ханын хөндий, Хонгорморьт зэрэг байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсалт газарт оршдогоороо онцлогтой юм. Энэхүү гахай устгалын явцад иргэд амьдардаг газрын дэргэд гахайг устгаж булах газрыг хийж байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, жагсаал цуглаанд хүргэсэн байна. Иймээс дахин шинэ газар ухаж, иргэдээс холдуулан асуудлыг шийдвэрлэжээ. Хэдийгээр ийнхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадсан ч гахайгаа устгалд оруулсан иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулдаг зүйлээсээ салсанаараа эдийн засгийн томоохон хохирол амсаж байгаа юм. Иймээс иргэдийн хувьд зээл тусламжинд хамруулах замаар өөр ажил эрхлэхэд орон нутгийн удирдлагууд ямар нэгэн арга хэмжээ авч өгөх байх гэсэн найдлагыг өвөрлөж байгаа гэлээ. 

 

Холбоотой мэдээ