“Brexit”-ийн нөхцөлийн тухай шинэ санал танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-20 12:28:35

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригчид “Brexit”-ийн нөхцөлүүдийн тухай шинэ саналыг лхагва гарагт танилцуулах гэж байгаа тухай телевизийн “Sky News” суваг “Brexit”-ийн асуудал хариуцсан сайд Стивен Барклигийн өгсөн мэдээллээс иш татан уламжилжээ. Тэрбээр Их Британийг улс төрийн мухардлаас гаргахад Англи болон Уэльсийн ерөнхий прокурор Жеффи Коксын бэлдсэн энэ шинэ санал тус болно хэмээн найдаж байгаа аж.


“Sky News” сувгаар мэдээлснээр, Бүс нутаг болон орон нутгийн засаг захиргааны дэд сайд Кит Малтхаусын санал болгосон харилцан буулт хийх гэрээний хувилбараас Их Британийн Засгийн газар татгалзсан байна. Уг хувилбарт “Brexit”-ийн дараах шилжилтийн үеийг 2021 оны эцэс хүртэл нэг жилээр сунгаж, "бэкстоп" гэж нэрлэсэн маргаантай механизмыг солих боломжийг тусгажээ. Энэ механизм нь Ольстер мужийг Европын Холбооны /ЕХ/ Гаалийн холбоо болон нэгдсэн зах зээлд хэвээр үлдээх замаар Умард Ирланд болон Ирландын хооронд бодит хил хязгаар бий болохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Ольстер муж нь арлын хойд нутгийн есөн гүнлэгийг нэгтгэдэг Ирландын дөрвөн мужийн нэг юм. Эдгээр есөн гүнлэгийн зургаа нь Умард Ирландын бүрэлдэхүүнд ордог бол үлдсэн гурав нь Бүгд Найрамдах Ирланд Улсын харьяалалд байдаг байна.


Их Британийн парламентын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцэж байгаа "бэкстоп"-ын оронд Их Британи болон Ирландын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг санал болгожээ. ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл явц эхлэхийн өмнөх хэдхэн долоо хоногт амжиж ийм гэрээ байгуулах нь хэтэрхий хэцүү гэж Их Британийн Засгийн газар үзсэн боловч гуравдугаар сарын 29-нд товлосон “Brexit”-ийг эхлүүлсний дараа Лондон болон Брюсселийн хооронд хэлэлцэх асуудлуудын тоонд оруулна гэж амлажээ. Их Британийн эрх баригчид одоогийн байдлаар "бэкстоп" механизмыг хэсэг хугацаагаар хязгаарлах хууль зүйн баталгааг Брюссель гаргаж өгнө гэж найдаж байгаа аж.


Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй лхагва гарагт Брюссельд уулзана гэж тус комисс мягмар гарагт мэдээлжээ. Брюссельтэй байгуулсан гэрээг Их Британийн парламентаар батлуулахад гол саад тотгор болж байгаа “бэкстоп"-ын асуудлаар талууд шийдэлд хүрнэ хэмээн найдаж байна гэж Их Британийн хэвлүүдэд бичжээ.


Холбоотой мэдээ