Бельгид 30 орчим хүн Гитлерийн тогтоосон тэтгэврийг авдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-20 16:31:44

БРЮССЕЛЬ./TASS/. Бельгийн 30 орчим иргэн 1941 онд Гитлерийн тогтоосон тэтгэврийг одоог хүртэл авсаар байгаа тухай “The Brussels Times” сонинд мэдээлжээ. 


Тус сонинд мэдээлснээр, Дэлхийн II дайны үед Нацист Германы цэргүүдтэй нэгдсэн бельгичүүдэд Германы тэтгэвэр олгох тухай тушаалыг Гитлер 1941 онд гаргасан байна. Энэ асуудлыг Бельгийн парламентын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороонд хэлэлцүүлэх гэж байгаа аж. 


“Энэ хүмүүсийн нэрийг Бельгид суугаа Германы Элчин сайд мэдэж байгаа боловч тус улсын Засгийн газарт энэ талаар мэдээлэл өгөөгүй байна” гэж хороонд өргөн барьсан тогтоолд дурджээ. 


“De Morgen” сонинд бичсэнээр, Бельгийн нацистууд сүүлийн 70 жилийн турш сар бүр 425-1275 еврогийн тэтгэвэр авч байгаа бол дайны үед Германд “боолчлогдож” байсан бельгичүүд сард ердөө 50 еврог нөхөн төлбөрийн хувиар авдаг гэж Гуравдугаар Рейхийн бөөнөөр хорих шоронд хоригдож байсан хүмүүс болон тэдний үр хүүхдүүдийн байгуулсан “Дурсан санах бүлгүүд” байгууллагын гишүүн Алвин де Конинк ярьсан байна. 


Холбоотой мэдээ