Гамшгийн аюулыг орон даяар шуурхай зарлах боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголсат Нэтворкс” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хиймэл дагуулын тоон телевизийн хүлээн авагчийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд өнөөдөр хандивлав. Ингэснээр тус төвөөс гамшгийн аюулыг орон даяар зарлах боломжтой болж байна.
Үүний дараа ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй сансрын холбооны сүлжээгээр олон сувгийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч “Монголсат Нэтворкс” ХХК-тай хамтран ажиллахаар инженер, техникийн ажилтнуудын уулзалт зохион байгуулж, техникийн шийдэл, холболт, туршилтын ажлын талаар санал солилцсон байна.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдлийн мэдээ, мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ, үнэлгээ хийх, удирдлагад мэдээллийг хүргэх, хүч хэрэгслийг зохион байгуулах, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, гамшгийн нөхцөл байдлаас хамаарч зарлан мэдээлэх ажлыг бүх нийтийн буюу хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахад өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг юм.