Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 төсөлд тус бүр таван сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-22 00:00:36

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2018 онд аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байдал ямархуу түвшинд байсан болон малжуулах арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн төсөл дэмжлэгийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Тухайлбал 2018 онд аймгийн хэмжээнд 1296 иргэн шинэ ажлын байраар хангагдсан нь өмнө онтой харьцуулахад байнгын ажлын байрны тоо 16 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэв. Харин ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд нийт 1676 иргэнийг хамруулжээ. Үүнээс ганцаарчилсан үйлчилгээнд 516, бүлгийн үйлчилгээнд 1160 иргэнийг тус тус хамруулсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн 78 төслөөс болзол шалгуурыг хангасан 10 төслийг сонгон шалгаруулж тус бүр таван сая төгрөгийн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгожээ. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 18 байнгын ажлын байрыг бий болгож тогтмол орлогын эх үүсвэртэй болсон байна. Энэхүү төслийн санхүүжилт нь бага хувийн хүүтэй эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг юм. Мөн ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд гэхэд Улиастай сумын иргэн У.Лхагвасүрэн гурван сар, иргэн Н.Болор-Эрдэнэ зургаан сарын түрээсийн хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд нийт 450 мянган  төгрөгийн  санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан байгаа. Энэ хөтөлбөрийн арга хэмжээнд нийт 43 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байраар хангагдаж тогтмол  орлогын эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлсэн гэлээ.

24 сумын 116 залуу малчин байнгын ажлын байртай болов

Завхан аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газарт 2018 онд малжуулах арга хэмжээнд 20 сумын 75 иргэн төсөл ирүүлж тэднийг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулжээ.

Малчдаас ирүүлсэн төслүүдийг аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газрын даргын А/16 тоот тушаалаар томилогдсон төслийг сонгон шалгаруулах  ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд 54 малчин өрхийн төслийг шалгаруулж 263 сая төгрөгөөр 5646 толгой малыг худалдан авч малчдад өгсөн байгаа. Ийнхүү 116 залуу малчин байнгын ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх,  амьжиргааны төвшингөө  дээшлүүлэх орлогын эх үүсвэртэй болсон. Ер нь малжуулах арга хэмжээнд хамрагдсан залуу малчид төслийн хүрээнд авсан малаа сайн маллах, өсгөн үржүүлэх, малынхаа түүхий эдийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх тал дээр манай газраас болон, тухайн сум орон нутгийнхаа хашир туршлагатай малчдыг дагаж мал маллаж сурах. Цаашид бусаддаа үлгэрлэхүйц хэмжээнд малаа өсгөж ашиг шимийг нь хүртэж буй бусдыгаа манлайлсан, төслийн үр дүнг сайжруулсан малчид бий. Эдгээр малчдын тухай бид жил бүр дараагийн малжуулах арга хэмжээнд хамрагдах залуу малчдад сайн туршлага болгож сурталчилж алдаршуулдаг байгаа. Харин Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний ерөнхий газарт судалгаанд хамрагдсан гэрээт малчин өрх 147, ажил олгогч малчин өрх 216 нийт 363 өрхийн судалгааг манай газраас хүргүүлж ажилласан байгаа. Энэхүү гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөлд хамрагдах 24 сумын 35 ажил олгогч малчин, 35 гэрээт малчин өрхийн гишүүнийг сургалтад хамруулж гурвалсан гэрээ байгуулж нийт 70 байнгын ажлын байрыг малчдад бий болгосон байгаа талаарх мэдээллийг Завхан аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас тус тус өглөө. 

Холбоотой мэдээ