Ц.Гантулга: Хүүхэд байхдаа Витафитийн ундаа есөн сагсыг давхарлаад зөөчихдөг байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-22 00:09:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шүдээрээ техник чирэх үйлдлээр Монгол хүний хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг дэлхийд таниулах зорилго тавьсан залууг ярилцлагынхаа зочноор урилаа. Бага наснаасаа хар бор ажилд нухлагдсан маань өдий зэрэгт хүргэсэн байх шүү хэмээн ярих Ц.Гантулга өдгөө 27 настай. Нас залуу ч амьдралынхаа тэн хагасыг биеийн хүчний ажил хийж өнгөрүүлсэн нь бас л сонин түүх.

 

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. 

-Намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. Одоо Улаанбаатар хотод гэрээт хамгаалалтын албанд ажиллаж байгаа. Хажуугаар нь Лотот ХХК-ийн автобус грашт галч хийж байна.

-Шүдэндээ техник чирэх хэмжээний чадалтай байна гэдэг санаанд багтамгүй зүйл шүү. 

-Зөвхөн шүдэнд учир нь байгаа биш болов уу. Шүднээс гадна биеийн онцлог, эд эрхтэний тогтолцоо, ажлын туршлага, эв дүй зэрэг олон зүйлээс хамааралтай зүйл байх.

- Одоогоор таны дээд амжилт?

-Өчигдөрхөн /2019.02.19/ вагон депо дээр 25 тонн жинтэй тракийг 1.2 метр чирсэн байгаа. Одоогоор хувийн дээд амжилт энэ байна.

-Энэ төрлийнхөө дэлхийн дээд рекордыг судалж үзсэн үү. Хэр ойр байна вэ?

-Вагоны төрөлд бол дэлхийн дээд амжилт 300 тонн байдаг. Ютүб хуудсанд ч байршсан байна лээ. Харин автобусны хувьд гэвэл дэлхийн дээд рекорд нь БНХАУ-д нэг шоун дээр 13.7 тонн байсан нь бичигдсэн байдаг. Тэгэхээр миний хувьд бол энэ тоог хангалттай эвдсэн.

-Анх шүдэндээ “бяртайгаа” яаж мэдэж байв?

-Анх 40 битонтой ус зууж, зэргэлдээ зогссон хоёр автобусыг хоёр удаа тойрч байсан. Эрээн хотод ажиллаж байхдаа 1.8 тонн суудлын микрог 80 метр газар чирж байсан.

-Шүдээрээ юм чирэх санаа яаж төрсөн юм бэ?

-Сониуч зангаар гэх үү дээ. Ютүб дээрээс анх бичлэг үзээд яагаад монгол хүн, яагаад би чадахгүй гэж гээд л туршиж үзээд болох юм байна гээд зоригтой үйлдлүүд хийж эхэлсэн.

-Монголд энэ төрөл өмнө нь байсан болов уу?

-Шүдээрээ яг ийм техник чирсэн тохиолдол сонсож байгаагүй, тэгэхээр анхдагч байж мэднэ шүү. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй юм аа.

-Шүдээ хэрхэн арчилж, хамгаалдаг вэ?

-Энгийн л хэмнэлээр. Өглөө, оройдоо угаана. Харин оогоо чанартайг нь сонгохыг хичээдэг. Өмнө нь Кока кола их ууж, амттанг нэлээд хэрэглэдэг байсан бол одоо аль алинаас нь татгалзаад байна.

-Шүдээ даатгуулсан уу?

-Одоогоор даатгуулж амжаагүй байна. Даатгуулах бодолтой байгаа.

-Дэггүй гэмээр асуулт байна. Таны шүд бүрэн үү, өвчилсөн шүд бий болов уу?

-Нэг шүд унасан. Хорхойтой шүд бий бий /инээв/. 

-Танай удамд тэнхээ бяр сайтай хүн хэр байсан бол?

-Удам бий шүү. Манай өвөө цэрэгт байхдаа пертизев гэдэг чиргүүл босгож байсан гэж яригддаг. Мөн аав маань осолдож унасан пургон машиныг хоёулаа босгож байсан удаатай. Харин миний хувьд бол шүднээс гадна хамгийн дээд тал нь 200 гаруй кг чулуу өргөж байсан. Мөн таван ханатай гэр, планит 5 мотоцикл, 181.9 кг чулуу, 280 кг гурил зэргийг өргөж байсан.

-Хичээлийнхээ хажуугаар Баянхонгор аймгийнхаа захад ачаа үүрдэг байсан гэж сонссон. Бага насаа дурсаач.

-Миний бага нас жаргал, зовлон дундуур их л хурдан туучаад өнгөрсөн шиг санагддаг. Амьдралын шаардлагаар дүү бид хоёр 11, 13 настайгаасаа аймгийнхаа зах дээр ачаа зөөж эхэлсэн. Анх гурил буулгах, зөөх ажил хийдэг байлаа. Тухайн үед ачаа зөөдөг байдаг ах нар биднийг жоохон хүүхдүүд гээд барагтай ачаа зөөлгөхгүй, бас голох маягтай байдаг байсан. Харин нэг их удалгүй л би тэд нараас дутахгүй ажилладаг болчихсон. Одоо бодоход хүүхэд насны гэгээлэг сайхан дурсамж ховор, том хүний л адил ажил хөдөлмөр эрхэлж, арай эрт ажилд нухлагдсан даа гэж санагддаг. Гэхдээ  тэр дундаас олон олон зүйлийг мэдэрч, амьдралд үнэн цагаан хөдөлмөрөөр алхан орж чадсандаа бас бахархдаг шүү.

-Хүүхэд байхдаа хамгийн их нь хэр хэмжээтэй ачаа зөөж байв?

-Тухайн үеийн “хит” Витафитийн хийжүүлсэн ундаанаас есөн сагсыг давхарлаад зөөчихдөг байсан. Бас гурил зөөвөл 4-5-ыг давхарлаад л үүрчихдэг байлаа. 

- 10 жилийн сургуулиа хаана дүүргэсэн бэ?

-Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуульд 1-8 дугаар ангиа дүүргээд, тухайн үеийн МСҮТ-д элсэн суралцаж Автын засварчин мэргэжил эзэмшсэн.

-Шүдээр техник чирэх оролдлого бүр тань бүтэж байв уу, эсвэл хэд хэдэн удаагийнх байна уу. Хамгийн тэвчээр шаардсан оролдлого тань юу байв?

-Ихэнх нь анхныхаар, шууд хийсэн байдаг шүү. Хамгийн том үзүүлбэр маань таван ланд200 автомашиныг чирсэн явдал байсан. Нэгнээс нь нөгөөг чирэх маягаар залгасан таван машиныг чирсэн юм. Асар их тэвчээр шаардсан зүйл болсон. Эхний машин хөдлөхөд дараагийн машин угзчих маягтай байсан болохоор үгээр хэлэхийн аргагүй хүнд байсан.

-Ингэхэд гэр бүлийнхэн нь үзүүлбэрүүдийг чинь хэрхэн хүлээн авдаг бол?

-Анх бол хэн нь ч дэмжээгүй. Эрсдэл ихтэй болохоор бүгд няцаадаг байсан. Харин одоо бол өөрийн гэсэн амжилтуудтай болчихсон болохоор надад итгээд, дэмждэг болсон.

- Цаашид тавьсан зорилго юу вэ?

-Цаашид Монгол хүний хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг дэлхийд таниулж, гиннесийн амжилтыг эвдэж, Монгол гэсэн нэрээ дэлхийд данслуулах хүсэлтэй байна.

 

Холбоотой мэдээ