Улсын бүртгэлийн цахим системийг 120 суманд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-21 14:20:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн цахим системийг 120 сумтай холбож эхэлсэн тухай УБЕГ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг ийнхүү эхэлж байгаа бөгөөд есдүгээр сар гэхэд бүрэн холбож дуусах юм байна.    

Улсын бүртгэлийн байгууллага 81 төрлийн бүртгэл, 43 төрлийн лавлагаагаар үйлчилдэг байна. Энэ нь төрийн үйлчилгээний 60-70 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. 

Иймд Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сард улсын бүртгэлийн багц хуулийг баталж, “Нэг-иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  Азийн хөгжлийн банк /АХБ/, УБЕГ-тай хамтран улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх боломжийг хангахаар ажиллаж байна.

АХБ-наас тус хөтөлбөрт техникээр тусалж улсын бүртгэлийн цахим системийг боловсронгуй болгоход дэмжсэнээр, өнөөдрийн байдлаар, 12 аймгийн 39 сум, 11 хороо тус системд холбогджээ.



УБЕГ-ын дарга Б.Баасандорж, “Ноднин нийт 39 сумыг улсын бүртгэлийн цахим системд холбосон байна. Ингэснээр тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг оршин суугаа сум, хорооны захиргааны байгууллагаас шууд авах боломж бүрдсэн. Энэ нь үйлчилгээг иргэнд ойртуулахаас гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Өмнө нь иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахаар аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 10 мянгаас 250 мянга орчим төгрөг зарцуулдаг байсан. Цахим нэгдсэн сүлжээнд холбосноор дээрх зардлыг хэмнэн улсын бүртгэлийн зарим үйлчилгээг сум, хорооноосоо шууд авах боломжтой болж байна” гэв.



АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, “Иргэн бүр төрийн үйлчилгээг хялбар авах тогтолцоо хамгийн чухал. Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АХБ-наас дэмжин ажиллаж байна. Энэхүү цахим үйлчилгээ амжилттай хэрэгжсэнээр төрийн үйлчилгээний хүртээмж дээшилж, алсдаа цахим худалдаа, банкны үйлчилгээнд нэвтрэх ач холбогдолтой.

Хөтөлбөрийн хүрээнд өмнө хийсэн ажлынхаа үр дүнгээс урамшиж, цаашид 120 сумыг улсын бүртгэлийн цахим сүлжээнд нэмэн холбох ажлыг хэрэгжүүлэхээр УБЕГ-тай харилцан тохиролцоод байна.

Энэ ажлыг АХБ-наас санхүүжүүлэх болсныг дуулгахад таатай байна” гэв.



Өнөөдөр улсын хэмжээнд 330 сумын 220 нь шилэн кабельд холбогдсон. Үүнээс улсын бүртгэлийн цахим сүлжээнд 39 сумыг холбосон бол, энэ оны есдүгээр сар гэхэд нэмэж 120 сумыг холбохоор төлөвлөж байгааг дээрх хэвлэлийн хурлын үеэр УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдэгдсэн юм. 

Тэрбээр, "Харилцаа холбоо, технологийн газраас энэ онд үлдсэн сумыг шилэн кабельд холбохоор төлөвлөжээ. Тиймээс дараагийн шатанд нөөц боломжоо ашиглан үлдсэн суманд цахим үйлчилгээ нэвтрүүлэхийг зорино" гэдгийг онцлов.

УБЕГ-аас иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл гэсэн үндсэн гурван үйлчилгээ үзүүлдэг юм. Өнөөдрийн байдлаар дээрх бүх үйлчилгээ 95-100 хувь цахим системд шилжсэн. Энэхүү цахим систем сум, хороонд холбогдсоноор дээрх үйлчилгээг сум, хорооныхоо засаг захиргааны байгууллагаас авах боломж иргэнд бүрдэнэ. 

Түүнчлэн бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хороонд аялж яваа иргэнд ч харьяалал харгалзахгүй үйлчлэх боломжтой болно. 

Дашрамд дурдахад, улсын бүртгэл цахимд шилжсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний бүх шатны байгууллага тус системд холбогдсон. Ингэснээр төрийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс улсын бүртгэлийн лавлагаа шаардахгүй болсон юм. 

Гэрэл зургийг: Б.Чадраабал

Холбоотой мэдээ