Улиастайн 2000 цэргийн бослогын түүх өнөөдөр ч хатуу сануулга өгч чадна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх гуравдугаар сарын нэгэнд буюу Эх орончдын өдрөөр, бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киног нээнэ. “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна” хэмээх утгыг “UB FILM” студийн бүтээсэн уг кинонд өгүүлэх аж.
Киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт Монголын Үндэсний музейд киноныхоо талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү түүхэн киноны зохиолыг бичсэн МУСГЗ, зохиолч, яруу найрагч П.Батсайхан мэдээллийн эхэнд, "Улиастайн 2000 цэргийн бослогын талаар кино зохиол бичих гол сэдэл маань Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадын судалгаанаас эхэлсэн. Би 40 гаруй жил Завхан аймгаас төрсөн хутагт хувилгааныг судалсан. Тэдэнтэй холбоотой түүхийг үзэж байхад, Улиастайн 2000 цэргийн бослогыг зайлшгүй судлах шаардлагатай болсон. Энэ үеэс мөхөх төрийн бодлого дунд мандах төрийн зул бадамлаж байдаг гэсэн санааг олж авсан. Тиймээс ч киногоо бичихдээ "Цэцдээ сонсдоггүй ноёд, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлого"-ыг Улиастайн 2000 цэргийн бослого киногоор харуулъя гэж хичээлээ" гэв. П.Батсайхан өмнө нь Дилав хутагтын тухай түүхэн кино бүтээж байсан юм.
“2000” уран сайхны кино нь Манжийн үеийн түүхэн баримтат уран бүтээлүүдээс ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драмын бүтээл юм. Эрэгтэй хүүхэд төрвөл цэрэгт дайчилж, цэргүүдийг хоол хүнсээр дутаан дарамталж, хатуу чанга гарт барин, эсэргүүцсэн хүнд 9 эрүү тулгаж, манж, хятадын пүүсүүд монголчуудыг их өрөнд унагааж байсан түүхийг уран сайхны аргаар өгүүлжээ. Мөн эрчүүдээ хатуу харгис манжийн цэргийн албанд мордуулаад ард нь эмс, хөгшид үлдсэн тэр үед монголчуудын хүн амын өсөлт зогсонги байдалд орж байсан түүхэн баримтыг ч харуулсан байна.
"2000" уран сайхны киноны ерөнхий найруулагчаар СТА Б.Отгонзориг, ерөнхий зураглаачаар Э.Доржсүрэн ажиллаж, киноны хөгжмийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, СТА Д.Түвшинсайхан бичжээ.
Кинонд МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд, Д.Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар, МУСТА Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, хийлч МУСТА Ч.Дэлгэрцэцэг тогложээ.
Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд, дэлгэцийн анхны уран бүтээл нь учир сэтгүүлчид түүний дүрийг ихэд сонирхлоо. Ч.Дэлгэрцэцэг "Түүхэн кинонд тоглох саналыг эхлээд тийм ч зоригтой хүлээж аваагүй. Миний бүтээсэн Батдарь хатан бол нэлээд хүнд дүр байсан. Хүмүүс камерын өмнө уйлах хэцүү гэж ярьдаг. Надад бол, уйлах, инээхээс илүүтэй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг гаргах л хүнд байсан. Тийм хүнд дүрийг бүтээхэд найруулагч их чухал үүрэгтэйг ойлгосон. Манж амбаныг өөртөө дурлуулсан монгол хатны ухааныг гаргах гэж үнэхээр хичээлээ. Дүрийг хэрхэн бүтээснийг үзэгч олон минь дүгнэх байх. Киноны натурт гараад монгол гэрт арваад хоносон. Сүүлдээ бүр гэрийн хаяанд дүүрэн түлээтэй байвал баярладаг болчихсон. Түүнээс өөр юу ч хэрэггүй юм шиг сэтгэлзүйн түвшинд очиж байж кинонд тоглосон доо" гэж ярив.
Гол дүр Энхтайванд тоглосон МУСТА Ц.Цэрэнболд, "Эцэг өвгөд маань эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийг бидэнд үлдээхийн тулд амь биеэ үл хайрлан тулалдаж байсан тухайд миний дүр ихийг өгүүлнэ. Манжийн ноёрхлын үед Монголынхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн чухал үеийг энэ кино хөндсөн. Бидний киног манай залуучууд заавал үзээсэй. Ганц залуус ч бус, бүх үеийнхэн үзээсэй гэж хүсэж байна" гэлээ.
Дэмчиг тайжийн дүрийг амилуулсан МУАЖ Ц.Цэрэндагва "Түүхийг зохиож бүтээл хийгээд хойч үедээ нөлөөлөөд байгаа ийм цаг үед, бид өөрсдийнхөө гээчихсэн, мартчихсан, орхичихсон юмыг санаж яагаад болдоггүй юм бэ гэсэн санаа энэ дүрээ бүтээхэд их хөшүүрэг болсон. Гадны соёлын довтолгоонд өртчихсөн энэ үед бид хэдий хэр хэмжээний юм орхиж гээсэн улс вэ гэдгийг санаж, сэрж, ойлгож ухаарахад илүүдэхгүй болов уу гэсэн бодол энэ кинонд оролцон тоглоход бодогдож байлаа. Түүхээ мартаж болохгүй шүү" гэлээ.