Явуулын эмнэлгийн үйлчилгээ дөрөвдүгээр сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-26 12:15:41

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг жилд нэг удаа ”Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг аймгийнхаа 24 суманд үзүүлдэг ажээ. Тэгвэл энэ жилийн явуулын эмнэлгийн үйлчилгээг ирэх дөрөвдүгээр сард эхлэхээр болжээ.

Өнгөрсөн жил явуулын эмнэлгийн үйлчилгээгээр 960 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Явуулын эмнэлгийн үйлчилгээгээр иргэдэд эхо, дүрс оношилгоо, биохимийн шинжилгээ болон шүд, дотор, мэдрэлийн эмчилгээ хийдэг юм. Мөн энэ үеэрээ нэг жилийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг ямар шинэ үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлсэн талаарх үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд тавьж, санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай ажээ. Явуулын эмнэлгийн үйлчилгээгээр хөдөө орон нутгийн иргэд ялангуяа малчид сумандаа эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч буй нь их сайшаалтай, бас эмчилгээ, оношилгоог газар дээр нь үзүүлдэгт иргэд талархалтай байдаг. Тиймээс ч явуулын эмнэлгийн үйлчилгээг улам өргөжүүлэхийг эмнэлгийн удирдлагууд болон эмч мэргэжилтнүүдээс иргэд хүсдэг тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ