Хамгийн эрүүл хүн амтай орнуудын жагсаалтыг гаргажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-02-26 12:34:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Bloomberg” агентлагаас гаргасан хамгийн эрүүл хүн амтай улсуудын жагсаалтыг Испани улс тэргүүлжээ.


Тус агентлаг “Bloomberg Global Health Index” жагсаалтаа гаргахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банкны статистик мэдээлэлд үндэслэжээ. Уг жагсаалтад дэлхийн 169 орныг оруулсан бөгөөд хүн амынх нь дундаж наслалт, эрүүл ахуй болон байгаль орчны нөхцөл байдал, тамхидалт, таргалалттай тэмцэхэд авч буй арга хэмжээнүүд, цэвэр усны хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан байна.


2017 онд гаргасан жагсаалттай харьцуулахад, Испани улс зургаан байраар дээшилж, харин уг жагсаалтыг тэргүүлж байсан Итали улс хоёрдугаарт оржээ. Эдгээр орны иргэд Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн ачаар зүрх судасны өвчин тусах эрсдэл бага байна гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид онцолсон байна.  


Жагсаалтын гуравдугаарт Исланд бичигдсэн бол эхний аравт Япон, Швейцар, Швед, Австрали, Сингапур, Норвеги болон Израиль улс багтжээ.

Холбоотой мэдээ