Хүүхдүүд хогоо ангилан ялгах зөв дадалтай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-27 14:10:01

Завхан/МОНЦАМЭ/. Завхан ногоон гарц нэгдэл ТББ-аас Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хогоо хэрхэн зөв ангилж ялгах зөв дадлыг олгохоор цуврал сургалт, үйл ажиллагааг эхлүүлээд буй тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус ТББ-аас Улиастай сумын Чандмань Эрдэнэ цогцолбор сургуулийн Эко клубтэй хамтран 130 гаруй хүүхдэд хогоо хэрхэн ангилан ялгах тухай сургалт хийж, эхний ээлжинд сургууль дээрх хогоо хэрхэн ангилан ялгахыг газар дээр нь зааж сургажээ. Энэ үеэр хүүхдүүд гэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгах дадлыг төслийн багийнхны зөвлөсний дагуу хийж эхэлсэн сайн жишээнүүдийг сургууль дээрээ сурталчлан самбарт өдөр бүр гаргаж ажиллаж байгаа юм байна. Мөн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн Эко клубын 200 гаруй суралцагч чанамалын шил цуглуулах 14 хоногийн аяныг сургууль дээрээ өрнүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн анги бүлэг бүр энэхүү аянд нэгдэж 300 орчим шил цуглуулаад байгаа юм байна. Энэхүү цугларсан шилийг ангилан ялгаж аймгийн хүнсний үйлдвэрт дахин ашиглахаар нийлүүлэх юм. Энэ нь хүүхдүүдэд хог бол мөнгө, хогийг үр ашигтай зарцуулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх зөв дадлыг олгосон томоохон үйл ажиллагаа болж байгаа юм. Тиймээс иргэдэд илүү их мэдээлэл өгөх зорилгоор төслийн хүрээнд Завхан аймагт зохион байгуулагдаж байгаа томоохон үйл ажиллагаанууд дээр манай төсөл хамтран ажиллаж иргэдэд тухайн үйл ажиллагааны үеэр хогоо ангилан ялгах дадлыг газар дээр нь олгох үйл ажиллагааг зохион явуулж эхлээд байгаа ажээ.

-2019 он гарсаар манай ТББ хоёр удаагийн олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаан дээр амжилттай ажилласан. Энэ үеэр бид иргэдэд шил лааз, цаас, хуванцар, гялгар уут, бусад хог гэж дөрвөн төрлөөр хогийг нь ангилуулах дадлыг өгсөн. Ер нь энэ дадлыг амьдралынхаа зуршил болгоод авчихвал иргэд байгаль орчноо бохирдуулахгүй байх наад захын жишээ юм. Өнөөдөр хогоо ангилж ялгаад ачуулаад сурчихна гэдэг том соёл юм. Цаашид энэ ангилсан хогийг хогийн цэгт хэрхэн хүлээж авч дарж булах, дахин ашиглах гээд олон үйл ажиллагааг бий болгочихвол бид байгаль орчиндоо ээлтэй байж чадна гэдэг мессежийг бид хүүхдүүдээс эхлээд хүн бүрт өгөхийг зорьж байна хэмээн Завхан ногоон гарц нэгдэл ТББ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ