Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-27 15:49:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний сэжиг бүхий 5 тохиолдол бүртгэгджээ. Хачгийн идэвхтэй үе эхэлж байгаа тул хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийг ЗӨСҮТ зөвлөж байна.

2018 онд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 1099 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэн байна.

Монгол Улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг халдварыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлжээ. Хачгаар дамжих халдвар нь хачгийн идэвхтэй үетэй давхцаж буюу 4-10 дугаар сард идэвхждэг.

Хачигт энцефалит өвчин вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, унах татах, саажих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Манай орны 8 аймгийн 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн бол Улаанбаатар хот орчим бүртгэгдээгүй.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөч өвдөх, биен дээр цагирган тууралт гарах  зэрэг шинж илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалгийн булчирхайн үрэвсэл, хачигт хазуулсан газарт үрэвсэх зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин 12 аймгийн 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн.     

Эдгээрээс хачигт энцефалит нь хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.

Хачгаар дамжих халдвараас өөрийгөө хамгаалах зөвлөмж:

Халдварын голомттой газраар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх

Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах

Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх

Биед шигдсэн хачигны хошууг арьсанд үлдээхгүйн тулд ганхуулж, болгоомжтой сугалан авах

Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт зорчихдоо хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах

Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах,

Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх 

Холбоотой мэдээ