Энэтхэг, Пакистаны хооронд дайн дэгдэх үү?

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-28 13:24:07

МОСКВА. /TASS/. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хоорондох зөрчил улам бүр хурцадлаа. Үүнд юу нөлөөлөв? Энэтхэг, Пакистаны Зэвсэгт хүчнүүд ямар арга хэмжээ авсан бэ? Энэ талаар ТАСС агентлаг таван мэдээлэл бэлтгэжээ.


Мөргөлдөөн юунаас эхлэлтэй вэ?

Их Британиас тусгаар тогтносны дараахан Энэтхэг, Пакистан улсад шашин хоорондын мөргөлдөөн, цагаачлал газар авчээ. Амиа алдсан хүн хэдэн зуугаар тоологдож байв.


Ингэхдээ Британийн Энэтхэгийг шашны зарчмаар хуваах боломжгүй байсан болон Пакистан, Энэтхэгийн хилийн бүсэд оршдог Жамму болон Кашмирын бүс нутаг нь тус хоёр улсын хооронд маргаан үүсэх гол шалтгаан болжээ. Кашмирын хүн амын дийлэнх нь лалын шашинтнууд байсан боловч хинду шашин шүтдэг бүс нутгийн захирагч махаража Хари Сингх бүх ардын санал хураалт явуулахаас татгалзаж, Жаммуг Кашмирын хамт Энэтхэгт нэгтгэсэн байна.


Энэ явдал 1947-1949 онд өрнөсөн дайны эхлэл болсон бөгөөд энэ дайн Кашмир хоёр хуваагдсанаар дуусаж, Пакистаны хяналтаа тогтоосон хэсэг Азад Кашмир, Энэтхэгийн мэдэлд үлдсэн хэсэг нь Жамму Кашмир муж болж үлдсэн ч талуудын харилцаа таарамжгүй хэвээр байлаа. Улмаар 1965 болон 1971 онд хоёр дайн дэгджээ. 1980-аад оны сүүлээр Кашмирт лалын шашны уриа лоозон дор “Энэтхэгт эзлэгдсэн Кашмирыг чөлөөлөхийг” шаардсан террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн байна. 1999 онд хоёр орны хооронд “Каргилийн дайн” гэж нэрлэсэн ээлжит зэвсэгт мөргөлдөөн болжээ.


Зөрчил дахин хурцадсаны шалтгаан юу вэ?

Хоёр улс XXI зуунд дайны ирмэгт тулаад байгаа боловч одоогоор бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болоогүй байна. Гэсэн хэдий ч энэ сард Энэтхэг, Пакистаны хооронд дипломат хямрал дэгдсэн. Үүний шалтгаан нь хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч халдлага үйлдсэн явдал юм. Халдлагын улмаас 45 хүн амиа алдсан бол хариуцлагыг нь Кашмирын бүс нутгийн Пакистаны хяналтад байдаг хэсэг дэх салан тусгаарлагч үзэлтнүүдийн “Жаиш-е-Мухаммад” /“Мухаммедын арми”/ бүлэглэл өөртөө хүлээжээ.


Энэтхэгийн телевизийн “NDTV” сувгаар цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, хоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний /АЦХ/ “Mirage 2000” загварын 12 нисэх онгоц “Жаиш-е-Мухаммад” бүлэглэлийн  хуаран дээр 1000 кг жинтэй бөмбөгнүүд хаяж, устгасан байна.


“Тус бүлэглэлийн босогчид манай улсын нутаг дэвсгэрт амиа золиослогч ашиглан дахин халдлага үйлдэхээр зэхэж байгаа тухай баттай мэдээллийг бид хүлээж авсан” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Вижай Гокхале мэдэгджээ.


Пакистан ямар хариу арга хэмжээ авсан бэ?

Агаарын цохилт өгсний дараахан хилийн бүсэд буудалцаан болсон байна. “NDTV” сувгаар мэдээлснээр, хоёрдугаар сарын 27-ны өглөө Пакистаны талаас гал нээх үеэр Энэтхэгийн доод тал нь таван цэрэг шархаджээ.


Мөн энэ өдөр Пакистан Энэтхэгийн АЦХ-ий хоёр сөнөөгч онгоцыг унагаж, нэг нисгэгчийг нь баривчилсан тухай Пакистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Асиф Гасур мэдэгдсэн билээ. Үүнээс гадна, Пакистаны АЦХ-ий нисэх онгоцууд Энэтхэгийн армийн Кашмир дахь байрлалын ойролцоо цохилт өгчээ.


Үүний хариуд Энэтхэгийн АЦХ Пакистаны F-16 сөнөөгч онгоцыг сөнөөсөн гэж “Firstpost” интернэт хэвлэлд мэдээлсэн байна. Харин Исламабад энэ мэдээллийг няцаажээ.


Зөрчил хурцадсанд дэлхийн улс орнууд түгшиж байна

“Ирж байгаа мэдээллүүдтэй холбоотойгоор бид маш их түгшиж байгаа бөгөөд байдлыг анхааралтай ажиглаж байна. Мэдээж хэрэг бид нөхцөл байдалд тэвчээртэй хандахыг талуудад уриалж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хоёрдугаар сарын 27-нд мэдэгдэв.


“Олон улсын хамтын нийгэмлэг үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байна. Энэтхэг болон Пакистан улс Өмнөд Азийн чухал хоёр улсын хувиар асуудалд тэвчээртэй хандаж чадна гэдэгт бид итгэж байна” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мөн өдөр мэдэгджээ.


“Мөргөлдөөн даамжрахаас зайлсхийж, асуудалд тэвчээртэй хандахыг бид Энэтхэг, Пакистанд уриалж байна. Бид мөн цаашид цэргийн ажиллагаа явуулахаас зайлсхийхийг хоёр орны сайд нарт уриалж байна” гэж АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.


Цөмийн дайн дэгдэх магадлалын талаар

“The Times of India” сонинд мэдээлснээр, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан цөмийн зэвсэг хариуцдаг Үндэсний командлалын төвийнхөө удирдагчидтай зөвлөлдөж байгаа аж.


Энэ удаад Энэтхэг, Пакистан цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Константин Кокарев үзэж байна.


“Талууд буруутныг тогтоож, цаашид юу хийхээ хэлэлцэж байх хооронд мөргөлдөөн цөмийн зэвсэг хэрэглэх хүртлээ даамжрахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж Кокарев хэллээ.


Янз бүрийн тооцоогоор, Энэтхэг, Пакистаны аль аль нь 90-120 цөмийн цэнэгт хошуутай байна.


Холбоотой мэдээ