Талийгаач Л.Бямбаагийн шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-28 16:05:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаа нас барсан хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас өнөөдөр прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөв. Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй, эсвэл амиа хорлосон эсэхийг тогтоох шүүхийн шинжилгээний хариу гараагүй юм байна. 



ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба /МБА/-ны дэд дарга, хурандаа С.Буянжаргал, "ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 461 дүгээр ангид авлигын хэргээр саатуулагдаж байсан 68 настай, Л.Бямбаа нас барсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний 00.15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу хамтарсан ажлын хэсэг гарч эл хэргийг мөрдөн шалгаж байна. Өнөөдөр прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээ өгнө" гэв. 



ЦЕГ-ын МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч С.Ууганбаяр,  "Хэвлэл, мэдээллийн байгууллагаас амь хохирогч Л.Бямбааг санаатай, захиалгаар алсан гэх мэтээр мэдээлж байна. Бид бүх талаас нь шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар тус хорих ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулж авсан. Эд мөрийн баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн прокурорын газар хянаж ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад анхаарна" гэв. 

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Амиа хорлосон, эсвэл гадны нөлөөтэй эсэхийг урьдчилсан байдлаар тогтоосон уу?

-Шүүхийн шинжилгээний хэлтсээс амь хохирогчийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учир энэ талаар мэдээлэх боломжгүй байна.

-Хэргийн газрын эд мөрийн баримтаар гэрээслэл хураасан нь үнэн үү?

Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Гэрээслэлийг шүүхийн шинжилгээнд өгсөн бөгөөд шинжээч томилон шалгаж байна. 

-Хорих 461 дүгээр ангийн камерын бичлэг алдагдсан гэх мэдээлэл байна?

- Цагдаагийн алба хаагчид анх хэргийн газар очмогц камерын бичлэгийг хурааж авсан. 

-Энэхүү хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ?

- Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж, эрүүдэн шүүсэн, мөн ШШГЕГ-ын ажилчид ажлын хариуцлага алдсан гэх асуудлыг шалгаж байна.

- Нас барахынх нь өмнө хүн дуудаж уулзсан гэх мэдээлэл байна. Та бүхэн шалгасан уу?

Энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг холбогдох хууль журмын хүрээнд шалгаж байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх учир цааш ярих боломжгүй.  

Холбоотой мэдээ