Завханд БЗДХ-аас сэргийлэх сайн дурын үзлэг шинжилгээг өгөх иргэд нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-01 20:39:09

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар он гарсаар 112  хүн үйлчлүүлжээ.

БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 60.4 хувийг хамруулсан байна. Мөн найман сумын нөхөн үржихүйн насныхан, аймгийн Политехникийн коллеж,  МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ын харьяа Хөгжим бүжгийн коллежийн оюутан нийт 2100 хүнийг 2018 оны 12 дугаар сараас эхлэн үзлэгт хамруулжээ.  

Үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд 78 хүнд хийж, шинээр илэрсэн 15, давтан 12 хүнийг хяналтад авч эмчилсэн байна.  Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос 2.5 хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 30 орчим хувийг эзэлж байна.Түүнчлэн сайн дурын үзлэг шинжилгээг өгөх иргэдийн тоо өмнөх жилээс нэмэгджээ. Учир нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зөвлөгөө шинжилгээ авсан иргэд 40 гаруй хувиар нэмэгдэж залуу гэр бүлүүд хамтдаа ирж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй нь сайшаалтай юм хэмээн Сайн дурын зөвлөгөө шинжилгээ авах “Энэрэл” төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ