Ховд аймаг “ТИКА” ОУБ-тай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-03 18:33:19

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймаг “ТИКА” олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга Устаөмэр Эмрах, Төслийн ассистент менежер П.Нямбаяр, Туркийн бизнесмен Ө.Өзкан нар Ховд аймагт ажиллаж байна. 

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтнууд  тус байгууллагын  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, Ховд аймагт  хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар  санал солилцов.  

Мөн орон нутгийн удирдлагууд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт  томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Тухайлбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд барилгын дээврийн болон сантехникийн засвар үйлчилгээ хийх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 24 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, Жаргалант сумын Рашаант, Наран багт шинээр барих “Цэцэрлэгт  хүрээлэн”, Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн  их засварын ажилд хөрөнгө оруулалт хийх  зэрэг саналыг уламжлав. 

ТИКА ОУБ-ын төлөөлөгчид дээрх саналыг хүлээн авч, улмаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын 5 дугаар  цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Цэцэрлэгт  хүрээлэн” барихаар сонгосон газар, байршлыг  үзэж танилцан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дэлхийн улс орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг нь Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА юм.

                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                                       


Холбоотой мэдээ