Усны нөхөн төлбөрийг зөв зохистой нээлттэй зарцуулах хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-04 21:56:26

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвөөр урсах Чигэстэй голын урсацын хэмжээ сүүлийн 30 жил тасралтгүй буурч байгааг мэргэжлийнхэн мэдээллээ. Гэхдээ зарим хур бороотой жил урсац нь нэмэгдэж нөхөгддөг хэдий ч усны хэмжээ буурч байгаа ажээ.

Завхан аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорх усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна. Чигэстэй голын тухайд гадаргын ба гүний усаараа Улиастайчуудын ундны усны хэрэгцээг хангадаг гол юм. Гэтэл өнгөрсөн жил гэхэд тус голд машины масло асгасан тохиолдол гарч байсан.

Өнөөдөр иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, тэдэнд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг мөн албаныхан дуулгав.

Харин энэ сарын 1-ний өдөр Ус дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгаль орчны талаарх үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний удирдлагууд иргэдийн төлөөлөл нийлсэн 60 гаруй иргэн оролцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн аймгийн дэд хөтөлбөрийг 2016-2021онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажил жил бүр зохион байгуулж байгаа. Аймгийн төвийн иргэдийн цэвэр усны хангамж, цэвэр усны хадгалалт хамгаалалт ямар түвшинд байгаа, иргэдийг голын ус бохирдуулахгүй байх, цэвэр усны нөөц ундарга газрыг хашиж хамгаалах талаарх аймгийн төлөвлөгөөг иргэдэд энэ үеэр танилцуулжээ.

Түүнчлэн аймгийн БОАЖГ, аймгийн ЗДТГ, ТББ-уудын хамтын ажиллагааны дүнд цэвэр усны эх, ундаргыг хашиж хамгаалах үйл ажиллагааг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлж нийт 320 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгааны ажил хийсэн гэв. Харин иргэдээс цэвэр усны нөөц бүхий газар нутаг дээр газар олгохгүй байх, усны эх ундаргыг хашиж хамгаалж буй иргэдийн нөхөрлөлүүдийн тоог нэмэх, иргэдэд соён гэгээрүүлэх талын ажлыг мэргэжлийн байгууллагууд шат дараатай эрчимтэй үйл ажиллагааг явуулах, голын сав газар хайрга олборлох үйл ажиллагааг явуулж байна. Уул уурхайн компаниудын гүний ус, голын усыг ашиглаж буйд хяналтаа чангатгах, нөхөн төлбөрийг гаргуулах, усны нөхөн төлбөрийг эргээд усыг хамгаалах олон талын үйл ажиллагаанд нээлттэй зарцуулахыг холбогдох албаныханд дуулгажээ. 

Ундны усны хадгалалтыг зөв болгох нөлөөллийн ажил үр дүнгээ өгчээ

Мөн үеэр Монголын эмэгтэйчүүдийн сан, Нидерландын Засгийн газрын GGA-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улиастай сумын Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх нөлөөллийн төслийн талаарх мэдээллийг төслийн багийнхан өглөө.

Төслийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд хуванцар савны хор хэрхэн нөлөөлж байгааг судлах, ундны усыг шинжилгээнд хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 60 өрхөд эрүүл мэндийн судалгаа хийжээ. Түүнчлэн эхний судалгаанд хамрагдсан өрхийн гишүүддээ эрүүл мэндийн сургалт хийж, үзлэг шинжилгээнд хамруулан үр дүнг тооцсон байна.

Мөн Богдын гол багийн өрх, гэр, иргэдийн хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа хуванцар савыг хэрэглүүлэхгүй байх, төмөр саванд ундны усаа хадгалах аяныг өрнүүлээд байгаа аж. Хоёр дахь судалгаа дуусаагүй байгаа бөгөөд судалгаа нөлөөллийн дүнд тус багийн нийт иргэдийн хуванцар савны хэрэглээг 70 хувь бууруулах зорилт тавьжээ.

Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглэснээр хүний мэдрэлийн системийг хордуулдаг байна. Иргэд хуванцар савыг эрүүл мэндэд хортой хар тугалганы агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж хоёр дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/, аммиакийн агууламж 48 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,17 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 8,23 мг/л/ гарсан байна.

Тиймээс төслийн зүгээс иргэдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийж өнөөдрийн байдлаар Богдын гол багийн эхний судалгаанд хамарсан 120 гаруй өрхийн 80 хувь нь нөлөөллийн ажлын дараа хуванцар саваа төмөр саваар сольсон сайн жишээг дуулгав. Цаашид иргэдэд хуванцар саванд ундны усаа хадгалахгүй байх, голын ай сав дагуу болон голоос ундны ус хэрэглэхгүй байх нөхцөлөөр хангаж, ундны усны нэгдсэн хангалт, худаг усны тоог нэмэх, цэвэр усны нөөц газрыг хамгаалах талаар холбогдох албаныхныг дорвитой ажил хийх нь чухал гэв. 


М.Дуламжав: Богдын гол багийн иргэд усан сантай болно
Мөн хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн “Аюулгүй ус-Амьдралын баталгаа” төслийн удирдагч М.Дуламжаваас тодруулга авлаа. Тус төсөл нь Улиастай сумын усны аюулгүй байдлыг хангах  бодлогын нөлөөлөл хийснээр  эмэгтэйчүүдийн цэвэр аюулгүй усаар хангагдах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хувь нэмэр оруулах  зорилготой таван сарын турш хэрэгжсэн төсөл юм.

 -Сайн байна уу? Усны талаарх төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Төслийн зорилт чухам юу байв? Үр үн гарсан уу?
-Манай ТББ  Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тэтгэлэг авч төслийг хэрэгжүүлсэн. Төслийн эхний зорилт бол гэр хорооллын иргэдийн ууж байгаа голын усны талаар дунд ангийн 200 сурагчид мэдээлэл өгч, аюулгүй ус авах хэрэглэх арга барилд сургах, Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт усан сантай болох хөрөнгийн асуудлыг 2018 оны төсөвт тусгах бодлогын нөлөөлөл хийх, шийдвэр гаргагчдын усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж Улиастай сумыг Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болгох гэсэн зорилтуудыг тавьсан байгаа.

Төслийн зорилт ажил болж, үр дүн гарч байгаа. Бид зорилго зорилтынхоо хүрээнд Улиастай сумын бүрэн дунд III сургууль, Дэвшил сургуулийн 200 гаруй сурагчид нийт найман удаа 16 цагийн сургалт хийсэн. Энэ сургалтыг аймгийн Ахмад эмч нарын холбооны гишүүн Хүүхдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн сургагч багш, Очирвааны эрүүл ирээдүй ТББ-ын тэргүүн Б.Готов, Улиастай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга аймгийн Скаутын холбооны тэргүүн Э.Мөнхсайхан нартай хамтран Усны эрүүл ахуй, ач холбогдол байгаль орчин гол усаа хамгаалах  тэр дундаа Улиастай хотынхоо дундуур урсаж байгаа Богд Чигэстэй голоо хамгаалах, унаган төрхөөр нь хадгалах орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад өсвөр үеийнхний оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэхчлэн хүүхдүүдээс санал асуулга авч эссэ бичүүлж, хамтран сургалт хийсэн.

Үр дүнгээ ч өгсөн. Сургалтад хамрагдсан хүүхдүүд сургалтын дараах өөрсдийн ойлголт мэдлэгт суурилан шийдвэр гаргах түвшинд болон үе тэнгийнхэндээ  хандан уриалга гаргаж, дээрх голуудын сав дагуу газруудыг цэвэрлэдэг өдөртэй болж айл өрхүүд, иргэдэд сануулга зөвлөгөө уриалга хүргэдэг болсон байна.

Харин ТББ-ын зүгээс сургалтад хамрагдсан сурагчдынхаа дунд усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргагчид эцэг эхчүүд, сургууль багш нартаа дуу хоолойгоо хүргэх, өсвөр үеийнхний усны аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үе тэнгийнхнийх нь идэвх оролцоо санаачилгыг өрнүүлэх зорилготой хоёр удаагийн аян зарлаж дүгнэсэн. Хүүхдүүдтэй хамтарсан аяны үр дүнд 200 хүүхдийн усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, 150 гэр бүл аюулгүй усаар хангагдах эрхээ шаардах, дуу хоолойгоо илэрхийлэх  чадавхтай болсон байна.


-Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт усан сантай болох хөрөнгийг шийдвэрлүүлнэ гэлээ. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Бид энэ асуудлыг шийдүүлэхийн өмнө Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсгийн айл өрхийн усан хангамжийн судалгаа хийсэн. Мөн энэ багт амьдардаг 150 өрхийн эмэгтэйчүүдтэй уулзалт хийж усан сангийн хүрэлцээ муу, нарийн гудамжгүй учраас ганц байгаа худгаасаа бүгдээрээ усаа аваад байх боломжгүй, энэ худаг нь уурын зуухны дэргэд байдаг учраас нүүрс, орчны бохирдол ихтэй зайлшгүй усан сантай болох гэдэгтэй санал нэгдэж хүсэлт гаргасан.

Улмаар Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, тэргүүлэх төсөвчин, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн Т.Пүрэвжаргалд усан сангийн зураг төсөв боловсруулах санал тавьснаар Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт барих усан сангийн зураг төсөвтэй болсон байгаа. Ингээд Улиастай сумын Богдын гол багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон найман төлөөлөгч, Богдын гол багийн ажлын алба, Иргэдийн нийтийн хуралтай хамтарсан уулзалт хийж, төслийн зорилго, зорилт Усан сангийн зураг төсвөө танилцуулж, хэрэгжүүлэх нөлөөллийн уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Улиастай сумын ИТХ-ын хуралдаанаар Богдын гол багт усан сан бариулах төсөв батлагдсан байгаа.


-Төслийн үр дүн гарч байгаад баяр хүргэе. Тэгвэл Улиастай сум Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болж чадсан уу? Төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн болов уу?
-Баярлалаа. Төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэдэг иргэдийн эрх ашигт нийцэж байгаа хэрэг шүү. Мэдээж манай төслийн нэг гол зорилт нь шийдвэр гаргагчдын усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх асуудал байсан. Мөн Улиастай сум Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болох зорилт юм. Тиймээс төслийн багийнхан Завхан аймгийн усны аюулгүй байдлын зөвлөлөөс 2015-2017 онд хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүн, аймаг орон нутгаас гаргасан хөрөнгө оруулалтад дүн шинжилгээ хийж, усны аюулгүй байдал, орчны бохирдол нөлөөллийг бууруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд Усны аюулгүй байдлын 2018-2020 оны төлөвлөгөөний төслийг "Амь-ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Усны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, манай төслийн баг хамтран боловсруулж өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Усны аюулгүй байдлын аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал аваад байна. Саналын дагуу Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний төслийг Улиастай сумын Засаг даргын зөвлөл, ЗДТГ-аас санал авч аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлснээр Завхан аймгийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлуулахаар  шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ