Хороо бүрт хууль эрхзүйн зөвлөгөө өгч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-05 11:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн хуралдаан Соёлын төв өргөөнд эхэллээ. 

Нийслэл хот шинэ удирдлагатайгаар анх удаа хийж буй хуралдааныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Бид нийслэл хотын оршин суугч, иргэдийнхээ аюулгүй, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхээс ажлаа эхэлье.

Үүнд орон сууцны хороодоос эхлээд төрийн болон ТББ-ууд, иргэд хамтран бүгдээр оролцьё. Энэ ажлыг иргэдэд хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс эхэлье. Орон сууц, гудамжны хороо бүрт хууль эрхзүй, хамгийн гол нь иргэн бүрт өмгөөллийн зөвлөгөө өгч ажиллана. Нийслэлийн төрийн ажилтнуудын арга барилыг өөрчилж, иргэдэд ойртож ажиллахыг чухалчилна” гэдгийг онцолж байна.





Тэрээр энэ онд хүлээж буй нийслэлийн бүтээн байгуулалтаас аваад хийж буй дэд бүтцийн ажлуудыг танилцуулж байна.
Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн хуралдаанд НИТХ-ын шинэ дарга Р.Дагва болон нийслэлийн харьяа агентлаг, газар, хэлтэс, дүүрэг болон хороодын дарга нар оролцож байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ