75 өрхийг өөрийн гэр оронтой болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-05 18:31:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 75 өрхийг өөрийн гэр оронтой болгоод байна. 

Дээрх хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлснээр нэг жилд 360 өрхийг хөгжүүлэх ажлыг хийж байгаа аж.  Амьжиргааны түвшин нь 400-гаас доош оноотой бөгөөд хөгжихөд ойрхон айл өрхүүдийг сонгон авч уг хөтөлбөрт хамруулдаг байна. "Өрхийн хөгжлийг дэмжихдээ эрүүл мэндийн үзлэг болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, хувь хүний хөгжил рүү чиглэсэн сургалтуудыг явуулах, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулах, хичээлийн хэрэгслээр хангах, хүүхдийн зусланд амруулах зэргээр дэмжин ажилладаг" гэж Өмнөговь амгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Өлзийбүрэн ярилаа.  

Зорилтот бүлгийн 163 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэд хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрах боломжийг бүрдүүлсний зэрэгцээ 62 иргэний өмчлөх эрх үүссэн газрын кадастрын зургийг үнэ төлбөргүй хийлгэж бичиг баримтыг нь олгожээ. Энэхүү ажлын үр дүнд 2016 оны жилийн эцэст өрхийн суурь үнэлгээгээр хамгийн бага оноотой өрх 29,7 оноотой, хамгийн өндөр оноотой өрх 83,7 оноотой байсан бол 2018 оны жилийн эцэст хамгийн бага оноотой өрх 45.3, хамгийн өндөр оноотой өрх 98.8 оноотой болж хөгжсөн үр дүнтэй байна.

Тус аймагт амьжиргааны түвшин нь 400-гаас доош оноотой гурван мянга гаруй өрх байдаг аж.

Холбоотой мэдээ