Эмзэг бүлгийн 165 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-05 20:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн Энэрэл эмнэлэг өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Энэ үеэр иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж, биеийн жингийн индекс, холестрин болон сахарын хэмжээг тодорхойлох, цусны даралт хэмжихээс гадна сүрьеэ, дотор, мэдрэл зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 165 хүнийг хамруулав.

Мөн иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэж, гарын авлага болон хэрэгцээт амин дэмийг тарааж, эмч, ажиллагсдын ур чадвар, эмнэлгийн үйл ажиллагааг тус өдөрлөгөөр дамжуулан олон нийтэд таниулахыг зорьжээ.    

Энэ өдөр гурван үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэхээр болсон төдийгүй иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид, “Эмч, ажиллагсдын харьцаа хандлага, ажил мэргэжлийн ур чадвар сайн. Эмчилгээ, үйлчилгээний талаар болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг тогтмол өгдөг” хэмээсэн бол иргэд нэг өдөрт нэлээд хэдэн төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, эмчийн зөвлөгөөг авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.     

 

“Энэрэл” эмнэлэг нь нийслэлд амьдарч буй бичиг баримт, орон гэргүй, амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгаар жилд 31 мянган хүнд үйлчилдэг бөгөөд нийт 23 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг аж.

Холбоотой мэдээ