Соён гэгээрүүлэгч, эрдэмтэн С.Лувсанвандангийн гурван боть гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-07 12:37:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын соён гэгээрүүлэгчдийн нэг, доктор, профессор Сономын Лувсанвандангийн гурван боть номын нээлт даваа гарагт "Лувсанвандан Арт галарей"-д боллоо. Номын нээлтэд С.Лувсанвандангийн хүү, УИХ-ын гишүүн Л.Болд, "Бодь" группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг, "Лувсанвандан сан"-гийн гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар болон соёл урлагийнхан, эрдэмтэн судлаачид оролцов.

УИХ-ын гишүүн Л.Болд "Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын минь гурван номын нээлт болж байгаад баяртай байна. Үүний өмнө аавын маань өөрөө бичсэн бүтээлийн есөн боть цувралаар хэвлэгдсэн. Энэ удаагийн гурван боть хийж байсан ажил үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг эмхэтгэснээрээ онцлог. 20 дугаар зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлан судалгааны эргэлтэд оруулсан бүтээл боллоо" гэв. Уг номыг СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргажээ. Номын нээлтийн үеэр "Лувсанвандан Арт галарей"-н залуу зураач Б.Содномдаржаа "Хүмүн, Тэнгэр, газар" уран зургийн үзэсгэлэнгээ зочдод толилууллаа.


Холбоотой мэдээ