"Мэдээний шилдэг сурвалжлагч"-аар сэтгүүлч М.Бүжинлхам, Г.Бадамлянхуа нар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд болов. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит МСНЭ-ийн "Мэдээний шилдэг сурвалжлагч" шагналыг “Гялгар уутгүй монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, "TV5" телевизийн сурвалжлагч Г.Бадамлянхуа нарт гардууллаа.
Тус шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг МСНЭ-тэй
хамтран 2016 оноос олгож эхэлсэн бөгөөд тухайн жилдээ телевиз радио, сонин сэтгүүл,
мэдээллийн сайтыг манлайлан ажилласан 2-3 сэтгүүлчид хүртээдэг. Шагналыг "Алтан дүрмийн эзэн" тэмдэг, мөнгөн шагнал дагалддаг юм.
Цол тэмдэг гардуулах ёслолд МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Ш.Батболд, Тамгын газрын дарга Д.Отгонбаяр, Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, Л.Батбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар оролцов.
Шагнал гардуулах үеэр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Ш.Батболд, “Монголын мэдээллийн ууган байгууллагын хувьд, "Мэдээний шилдэг сурвалжлагч"-ийг 2016 оноос хойш дөрөвдэх удаагаа шалгаруулж байна. Энэ жилийн шалгаруулалт ихээхэн өвөрмөц байсан. Учир нь цахим ертөнцөд нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, тэр нь бодит үр дүнд хүрсэн, өсөж дэвжих ирээдүйтэй залуу үеийн сэтгүүлчдэд урам зориг өгөхийг зорьсон. Тиймээс бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нь олны анхааралд байж, эерэг үр дүн, өөрчлөлт авчирч, нийгэмд манлайлал үзүүлсэн дээрх сэтгүүлчдэд энэхүү шагналыг олгохоор болсон юм” хэмээв.
“Гялгар уутгүй монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, “Өнгөрсөн хугацаанд ажиллахдаа сэтгүүлч бидэнд нийгмийг эргүүлэх, бүтээх том боломж байгааг олж харсан. Хоёр жил орчмын өмнөөс Гялгар уутгүй монгол ТББ-аа байгуулж, цахим ертөнцөөр гялгар уут, хог хаягдлын хор хөнөөлийг таниулж, давалгаалуулж чадсан юм. Магадгүй би сэтгүүлч байгаагүй бол өнөөдрийн энэ эрхэм хүндтэй шагналыг гардаад зогсохгүй, Засгийн газар нэг удаагийн гялгар уутыг хориглох тогтоол, шийдвэр гаргахгүй байсан гэж боддог. Тийм учраас нийт сэтгүүлч нартаа, нийгмийн сайн сайхны дуу хоолой болоорой гэж уриалж байна. Энэ эрхэм хүндтэй шагналыг гардсандаа урамшиж, улам ихийг бүтээх чин эрмэлзэл төрж байна” гэв.
Тэрбээр “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” нүүр номын хуудас, өөрийн хувийн эккаунт, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, www.ecobujin.com сайтаар хог хаягдлын менежменттэй холбоотой бүх төрлийн мэдээллийг видео, зураг, текст хэлбэрээр хүргэж байгаа юм.
TV5 телевизийн Улс төр мэдээллийн албаны сурвалжлагч Г.Бадамлянхуа, “Өнөөгийн нийгэмд сайн сайхнаас илүү, саар муу мэдээлэл давамгай байна. Тиймээс нийгэмд тулгамдаад буй хурц асуудлыг хөндөхөөс илүү сэтгүүл зүйн салбарын өнгө төрхөнд бага ч болов гэгээ оруулахыг зорьж ажилласан. Ингээд олны нүднээс далд, үйлс бүтээлээрээ үлгэрлэж байгаа хүмүүс, айл өрх, тэдний аз жаргал, баяр баясал, амжилт, гавьяаг олон нийтэд хүргэсэн хөдөлмөрийг маань үнэлж байгаад таатай байна” гэв.
Тэрээр ТВ5 телевизийн Улс төр мэдээллийн албанд 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд бэлтгэсэн “Ээжийгээ алдаад удаагүй нялх үрс орон гэргүй боллоо” нэртэй сурвалжлага нь олон нийтийг хамарсан хандивын аян өрнүүлэх гол хөшүүрэг болж долоо хоногийн дотор 90 гаруй сая төгрөг цуглуулан Д.Батмөнхийн гэр бүлд хоёр өрөө байр, хүүхдэд нь жилийн 10 сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт үнэгүй хамрагдах боломж олгосон юм. Монголын нийгэмд хандив туслалцаа хүссэн олон мэдээ цацагдаж байсан ч үүн шиг богино хугацаанд өргөн олныг хамарсан нь ховор аж.
Гэрэл зургийг: Б.Чадраабал