“Алимны мөхлөг” үзэсгэлэнг харж, бас сонсож болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-06 20:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу уран бүтээлчид нийлж “Алимны мөхлөг” хамтарсан үзэсгэлэнгээ "ХААН Галерей"-д дэлгээд байна. 

Үзэсгэлэнд Ж.Мөнхжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Алтантовч, Ж.Дархижав, У.Нарбаясгалан, Б.Азбаяр нарын залуу зураачийн оюун санааны хил хязгаарыг даван гарч, аливаа бүхний чанад дахь мөн чанарыг эрэлхийлсэн, холимог техникийн аргаар амилуулсан бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Тэд урьд нь “Ээж ээ, би гадаа гаръя” үзэсгэлэнг хамтран гаргаж байжээ. Энэ удаад уран зураг, монгол зураг, холимог техникийн болон видео, аудио төрлүүдийг ашигласан нь онцлог болсныг галерейн зохион байгуулагч онцоллоо.


"Аудио технологи ашигласан нь бусад бүтээлтэйгээ хоршиж, нэг цогц мэдрэмжийг өгөх учраас сонсох, харах мэдрэмжийг нэг дор мэдэрснээр цаг хугацааны тухай, амьдралын олон мөчлөгийн тухай өөрийн эрхгүй сэтгэлийг хөдөлгөх болов уу гэж бид бодсон"  гэж зураачид ярьж байв.


 “Алимны мөхлөг” үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 25-ны өдрийг дуустал "ХААН Банк" цамхгийн гуравдугаар давхарт байрлах "ХААН Галерей"-д олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Ажлын өдөр 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт нээлттэй байна.

Холбоотой мэдээ