“Дорноговь Их хөгжил сан” хийсэн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-07 13:48:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Уул уурхайн компаниудын хандив, дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг  “Дорноговь Их хөгжил сан”-гийн удирдлага гуравдугаар сарын 06-нд Сайншанд суманд болсон “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөний  үеэр өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын тайлангаа тавив.

Тус сан нь 2016 онд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн  хандивлагч компаниудын үүсгэл санаачилга, тэдний оруулсан хөрөнгөөр байгуулагдаж орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлж буй төрийн бус байгууллага аж.

2017 онд уул уурхайн компаниудаас 2.07 тэрбум төгрөгийн хандивыг тус санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад салбарт  зарцуулж байсан бол 2018 онд Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төв, гэр бүлийн талбай, тавдугаар багт 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Даланжаргалан сумын Олон-Овоо багт 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьжээ.

Нийгмийн хамгааллын хүрээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой гэр бүлд туслах, оюутны сургуулийн төлбөрт дэмжлэг үзүүлэх, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох авьяастнуудыг дэмжих зэрэг нийгмийн салбарын ажлыг гүйцэтгэсэн байна.

Сан байгуулагдсанаар уул уурхайн компаниуд хийгээд орон нутгийн иргэдийн хоорондын харилцаа, ойлголцлын гүүр болж байгаа гэж албаныхан мэдэгдэв.

Холбоотой мэдээ