Нутгийн зарим хэсгээр цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-07 16:48:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө төвийн аймгийн баруун хэсгээр, маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар, нөгөөдөр говийн аймгийн өмнөд хэсгээр цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/ анхааруулав.


2019 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагаас 03 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун  өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.­­­­­


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.  Шөнөдөө бүх нутгаар 4-9 хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 6-11 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 0 градус орчим байна.


2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


Нөгөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй Салхи 10-12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ