Малын чанар сайжирч малчдын орлого нэмэгдсэн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-11 20:21:03

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн цөм сүргийн Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа 514.2 мянган толгойд хүрч өсчээ.

Энэ нь хөдөө аж ахуйн маркетинг төслийн үр дүн юм. Тус төсөлд хамарсан сумдын бог малын чанар сайжирч, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо сүүлийн хоёр жил хэвийн хэмжээнд хүрсэн байна. Энэ мэтээр төслийн үр дүнд малчид шилмэл хээлтүүлэгчийг дам яриа, ухуулгаар энд тэндээс авахгүйгээр зөвхөн мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг болсон байна.

Мөн малын чанар сайжирсанаар худалдан авалт илүү болж малчдын орлого нэмэгдсэн байгаа. Төслийн хүрээнд малчид илүү мэдээлэлтэй болж чадавхижсанаар малынхаа чанарыг сайжруулах мэргэжлийн зөвлөгөөг авч байна. Тухайлбал тус төслийн хүрээнд мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн багаж хэрэгслийг Завхан аймагт нийлүүлээд байгаа хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Нэмж дуулгахад, Завхан аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд ХАА-н салбарт бодит үр дүнгээ өгсөн олон томоохон ажлыг хийгээд байгаа ажээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 38 дэд төсөл хэрэгжиж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Завханд хийгджээ. Мөн төслийн хүрээнд Завханы 11 сумын малын эмч нар мотоцикльтой болсон байна. 

Холбоотой мэдээ