Хамтарсан фитнесс хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг түлхүү хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-11 21:14:08

Завхан/МОНЦАМЭ/.Завхан дахь Монголын Тусгай олимпийн хорооноос 2019 оны тусгай олимпийн бэлтгэл болгож "Хамтарсан фитнесс хөтөлбөр"-ийг эхлүүлжээ.

Энэхүү хөтөлбөрийг Завхан Спиннинг клуб, Монголын Тусгай олимпийн хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд хоёр сарын турш хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй 11 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сайн дурын 5-12-р ангийн 9 сурагч хамтдаа хамрах аж.

Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрсэн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, найз нөхөд болох, тэднийг ойлгох дэмжих, тэд илүү өөртэй итгэлтэй болох юм. Хөтөлбөрийн зорилтот хүүхдүүд долоо хоногт гурван өдөр олон талт фитнесс хичээлд хамрагдах бөгөөд бие бялдрын хувьд ч маш том өөрчлөлт орж байгаа аж. Мөн удахгүй болох тусгай олимпод оролцож буй сурагч өдөр бүр бэлтгэл хийж, багаар ажиллахад нь урам өгч байгаа. Харин энгийн хүүхдүүд маань энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход санаачилга гаргаж шинэ туршилтуудыг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал хөтөлбөрт хамарч буй хүүхдүүдтэй хамтран хичээлийн бус цагаар олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд нэг баг болж оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхахгүй байх, олон нийтэд тэдний чадварыг ойлгуулсан сайн жишээнүүдийг бий болгож сошиалд сурталчилж байгаа. Ирэх зуныг хөтөлбөрийн хүүхдүүд хамтдаа өнгөрөөх зорилгоор орон нутгийн зусланд амрах гэж байна. Энэ хөтөлбөрийг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн туршлага бидэнд бий. Тиймээс жил бүр хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэхдээ илүү олон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахыг зорьж байгаа талаарх мэдээллийг Монголын Тусгай олимпийн хорооны Завхан дахь сайн дурын ажилтан өгөв.

Энгийн хүүхдүүдтэй бэлтгэл хийх сонирхолтой байгаа гэлээ

Хамтарсан фитнесс хөтөлбөрт хамарч байгаа Улиастай сумын IV сургуулийн насан туршийн боловсролын ангийн суралцагч Э.Бямбажаргал нь Монгол Улсаа төлөөлөн Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хотод болох тусгай олимпийн дэлхийн наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох эрхээ аваад байгаа ажээ.

Тэрээр 2002 онд төрсөн, төрөлхийн саажилттай, 2015 оноос эхлэн тусгай олимпийн уралдаан тэмцээнд оролцож, туршлагатай тамирчин болжээ. Тухайлбал Ховд аймагт болсон баруун бүсийн өвлийн тусгай олимпод цасны гуталтай гүйлтийн төрөлд II байр, цанын төрөлд тусгай байр эзэлж байжээ. Мөн улсын аварга шалгаруулах өвлийн тусгай олимпод цанын төрөлд II байр, цасны гуталтай гүйлтийн төрөлд тусгай байр, Говь-Алтай аймагт болсон өвлийн тусгай олимпоос 50м-ийн гүйлтийн төрөлд алтан медаль, 100м-ийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль, уран гимнастикийн төрөлд алтан медаль, уртын харайлтаар хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлжээ. Э.Бямбажаргал: “Би насан туршийн боловсролын холимог бүлэгт суралцдаг. Суралцахынхаа хажуугаар спортоор хичээллэх дуртай. Тэмцээн бүрээс би урам авдаг. Жил бүр амжилтаа ахиулахыг хичээдэг. Мөн спортын олон төрлөөр хичээллэх дуртай. Энэ жилийн дэлхийн тусгай олимпод оролцох эрхээ авсан даруйдаа хамтарсан фитнесс хөтөлбөрт хамарч, олимпийн бэлтгэлээ өдөр бүр хийж байгаа. Дасгалжуулан дэмжиж байгаа сургуулийнхаа удирдлагууд, багш нартаа баярлалаа. Өдөр бүр оюуны бэрхшээлтэй, өөртэйгээ адилхан спортоор хичээллэдэг хүүхдүүдтэй хамт, бас үе тэнгийн энгийн хүүхдүүдтэй нэг зааланд дасгалжуулагч багш Л.Олонбаярын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Үнэхээр сонирхолтой байгаа” гэв. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хотод болох 2019 оны тусгай олимпийн Дэлхийн зуны наадамд 192 улсын 7200 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм байна. Энэхүү наадамд Монголын Тусгай олимпийн хорооноос долоон төрлөөр нийт 21 тамирчин, дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй оролцох ажээ. 

 

Холбоотой мэдээ