Уртын дууч Н.Норовбанзадын хөшөөний шав тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-12 15:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууц Сүүдэртийн улаан овоонд дурсгалын чулуун гэрэлт хөшөө босгох шавыг өнгөрсөн амралтын өдөр МУУГЗ, зураач П.Цэгмид нарын уран бүтээлчид тавиад ирсэн байна.

Ирэх наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуун дахь байгалийн Задгай театрт болох "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадамд бэлтгэх ажлын хэсэг  Н.Норовбанзад агсны төрсөн бууцанд  очиж уг  шавыг тавьжээ. Зураач П.Цэгмид  "Уяхан замбуутив" цогцолборыг арваад жилийн өмнө барьж байгуулсан бол хөшөөг нь босгох ажлаа эхлүүлээд байна. Их газрын чулуу буюу нэрт уртын дуучны төрсөн бууц бүхий газар нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргалан сумдын нутгийг багтаасан, Монголын боржин чулуун бүсийн хэсэг юм.

УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Их газрын чулууг Байгалийн цогцолборт газар болгон тусгай хамгаалалтад авчээ. Өвгөн хад, Сэнжит цохио, Хаан, хатан, Хайлсман, Тувин, Гуа өлзийт, Монгол, Баян уул, Ёрвон зэрэг нэр бүхий өвөрмөц тогтоцтой хад байц олонтой үзэсгэлэнт нутаг юм.

Холбоотой мэдээ