Улсын хэмжээнд дундаж цалин 1,12 сая төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-12 13:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ажиллагчдын дундаж цалин нэг сая 120 мянган төгрөг байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.  

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний хоёр сарын мэдээгээр, ААН, байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалинг ажил мэргэжлээр ангилан авч үзвэл салбар бүрт өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, техникч болон туслах мэргэжилтний дундаж цалин 10.9 хувиар өсөж 1.3 сая төгрөг болжээ. Хамгийн бага буюу 576 мянган төгрөгийн дундаж цалинтай ХАА, ой, загас агнуурын ажилтны цалин 5.6 хувиар өссөн байх жишээний. Тэгвэл улсын хэмжээний дундаж цалин хэрхэн өсөж ирснийг орон нутгийн бүсээр харьцуулан авч үзье.

Өнгөрсөн оны 11-р сард баруун бүсэд дундаж цалингийн хэмжээ 670.7 мянган төгрөг байсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 736.7 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн төвийн бүсэд 861.2 мянга, хангайн бүсэд 851.8 мянга, зүүн бүсэд 764.6 мянган төгрөг байсан дундаж цалингийн хэмжээ төвийн бүсэд 934.5 мянган төгрөг, хангайн бүсэд 928.0 мянга, зүүн бүсэд 824.2 мянган төгрөг болж тус тус өсөөд байна.


Дээрх өсөлтүүдийг улсын дундаж цалингийн хэмжээтэй харьцуулж үзвэл, төвийн бүсийн 934.5 мянган төгрөгийн дундаж цалин улсын дунджаас 185.8-383.6 мянган төгрөгөөр бага байна. Харин нийслэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид “Цалингийн бодит хэмжээ амьдрал дээр өөр байгаа нь ямар учиртай юм бэ, Дундаж цалинг төлөөлүүлэн гаргаж байгаа юм уу, Ямар аргаар, яаж гаргаж байна вэ?” гэсэн асуултууд тавьж байв. Үүнд ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан хариулахдаа, “Манай статистикийн байгууллагаас ажиллагчдын сарын дундаж цалинг 2000-2013 онд ААН, байгууллагуудын цалингийн түүвэр судалгааны үр дүнгээр тооцон гаргаж ирсэн. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, НДЕГ-ын Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байна” гэдгийг тодотгов. НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайланд өнгөрсөн оны IV улирлын байдлаар 40.5 мянган ААН, байгууллагын 652.2 мянган ажиллагч хамрагдсан байна.

Тодруулга: Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд НДШ, Хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ