Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг хэлэлцэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-12 18:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд зохион байгуулсан семинараар "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийн дэд бүтцийн хүртээмжийн талаар хэлэлцэв.

Тодруулбал, өнөөдрийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдарч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулж өөрчлөх, тэдэнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх замаар амьдрах эрхийг эдлүүлэх талаар ярилцлаа. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн орсноор дээрх үүргийг хүлээсэн орнуудын нэг болсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлнэ гэдэг нь тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцох, бие даан амьдрах эрхийг эдлүүлэх үүднээс тэдний амьдрах орчин, зам, талбай, гудамжнаас эхлээд дэд бүтцийг дээшлүүлэх явдал гэдгийг семинарт оролцогчид онцолж байв. УИХ-аас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3-р бүлэгт дээрх байдлыг буюу “...Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулна” гэж тусгасан юм. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн шугамаар барилга, байгууламж, зам тээврийн хүртээмжийг үнэлэх ажлыг 2016 оноос эхлэн зохион байгуулж, холбогдох байгууллагуудад үнэлгээний талаар зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Мөн төслөөс хүртээмжийг сайжруулах талаар жил бүр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн төвөөс богино хугацааны мэргэжилтэн авчирч тухайн салбарт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байгаа ТББ-ынхныг чадавхжуулж ирснийг танилцуулав. Тухайлбал, энэ удаагийн хэлэлцүүлэгт Япон улсаас профессор Сато Кацүши ирж төр-захиргаа, хувийн хэвшил, дэд бүтцийн салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга барих зөвшөөрөл олгох, хяналтын системийн бодит аргачлалын талаар туршлагаа хуваалцав. 


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ