Венесуэлийн Зэвсэгт хүчин стратегийн объектуудаа хамгаалах сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-14 12:21:36

КАРАКАС. /TASS/. Венесуэлд цахилгаан эрчим хүч тасалдсантай холбогдуулан тус улсын Зэвсэгт хүчин стратегийн чухал ач холбогдол бүхий объектуудаа хамгаалах сургууль хийнэ. Энэ тухай Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес мэдээлжээ.


“Эрчим хүчний хангамжийн системд халдагчдын өмнө манай ард түмний ялалтыг бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэн болоод улсын онц чухал объектуудыг хамгаалах “Ana Karina Rote” цогц сургуулийг энэ амралтын өдрүүдэд хийхийг Зэвсэгт хүчинд үүрэг болголоо” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.


Гуравдугаар сарын 7-ны орой Венесуэлийн нийслэл Каракас хот болон ихэнх мужид гэрэл цахилгаан тасалдсан юм. Эрх баригчдын мэдээлснээр, Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцад томоохон осол болсны улмаас цахилгаан тасалджээ. Ийм том хэмжээний осол урьд өмнө нь гарч байгаагүй гэж зарим шинжээч хэлж байв.


Эрчим хүчний хангамжийг бараг бүх нутаг дэвсгэрт сэргээсэн гэж Венесуэлийн Холбоо харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес урьд нь мэдээлжээ.


Холбоотой мэдээ