Уйгуруудад зориулсан төвүүдийг хааж магадгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-14 17:49:11

БЭЭЖИН. /Lenta/. Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд лалын шашинтнуудыг олноор нь хорьдог “мэргэжлийн давтан сургалтын” төвүүдийг хааж магадгүй байна. Энэ тухай тус бүс нутгийн захирагч Шохрат Закир мэдэгдсэнийг “South China Morning Post” сонин уламжилсан байна.


“Төвүүдийн тоог аажмаар цөөлнө, тэнд байгаа хүмүүсийн тоог ч цөөлнө. Хэрэв хэзээ нэг өдөр сургалтын төвүүд нийгэмд хэрэгцээгүй болбол ийм газрууд аажмаар үгүй болно” гэж тэрбээр хэлжээ.


Шохрат Закир нь лалын шашинтнуудад зориулсан дахин хүмүүжүүлэх төвүүд нь түр зуурын арга хэмжээ гэдгийг ил тод мэдэгдсэн анхны хятад эрх баригч болсныг “South China Morning Post” сонины мэдээлэлд онцолсон байна. Тэрбээр яг хэчнээн хүн хоригдож байгааг хэлээгүй боловч нэг сая хүрэхгүй хэмээн цохон хэлжээ.


“Дахин боловсрол олгох төвүүд”-д улс төрийн боловсрол олгож, дахин хүмүүжүүлэхийн тулд нэг сая орчим уйгур болон лалын шашинт бусад үндэстний төлөөллийг хорьж байна гэх мэдээлэл гарсны дараа ийм төвүүд олон улсын анхаарлыг татах болсон юм.


Энэ төвүүд нь хэт давруу үзэлтэй тэмцэх хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд тэнд байгаа хүмүүст мэргэжлийн ур чадвар олгоход тусалдаг гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ. 

Холбоотой мэдээ