Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-14 18:07:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Прокурорын газраас "Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь 2018 онд гарсан зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, зөрчил гарч буй шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, зөрчил гаргагчид хүлээлгэж буй хариуцлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас хууль хэрэглээний явцад гарсан саналыг нэгтгэж хэлэлцэх зорилготой аж.  

Сургалт, хэлэлцүүлэгт тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Прокурорын газрын ерөнхий прокурор, хяналтын прокурорууд, мэргэжлийн хяналт, гамшгаас хамгаалах, татвар, нийгмийн даатгал, гааль, авто тээвэр, эрүүл мэнд, байгаль орчин, мал эмнэлэг, статистик, улсын бүртгэл, монгол банкны улсын байцаагчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботагөз "Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2018 онд гарсан зөрчил, зөрчил гарсан шалтгаан, нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам", "Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд", Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза "2018 онд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Прокурорын газраас дээрх сургалт, хэлэлцүүлгийг маргааш Цагдаагийн газрын алба хаагчдад явуулах ажээ.

Холбоотой мэдээ