Хилийн торыг сэргээн засварлах ажлыг улсын төсвийн 300 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-03-15 14:01:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн хурлаар 2018 оны ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж, 2019 онд хийх ажлыг танилцууллаа. Хилийн отрядуудад хамгийн их тулгамдаж буй бэрхшээл бол хилийн торны эвдрэл. Тэгвэл олон жил яригдаж буй уг асуудлыг улсын төсвийн 300 сая төгрөгөөр шийдвэрлэхээр болжээ.

Хилийн цэргийн 0184 дүгээр анги хил хамгаалах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын биелэлт 60 гаруй хувьтай байна. Хил хамгаална гэдэг зөвхөн хилчдийн ажил биш. Орон нутгийн удирдлага, ард иргэдийн оролцоотойгоор хил хамгаалалтыг зохион байгуулдаг. Хил хамгаалах туслах хүчний зөвлөл, сумдын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөл, орон нутгийн иргэдийн дэмжлэг хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Үүний хүрээнд тус ангийн хамт олон өнгөрсөн онд өөрийн ангийн хариуцсан хэсгийн торыг орон нутгийн иргэдтэй хамтран хоёр ч удаа засварлажээ.

“Манай ангийн хувьд хил хамгаалах туслах хүчний зөвлөл болоод иргэдтэйгээ маш сайн хамтарч ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд хилчдийн уналгыг хангах ажлыг өнгөрсөн онд маш сайн зохион байгуулсан. Мотоцикл болон мориор хилчдийг маань тогтмол уналгаар хангаж байна. Хамгийн тулгамдаж буй асуудал бол малчид малаа хариулгагүй орхисноос мал хилийн торонд тулгах асуудал зогсохгүй байна. Хилийн торонд тулсан малын тоо өнгөрсөн жил өссөн үзүүлэлттэй гарсан. Хил орчмын дэглэмийн зөрчил гаргагчдын тоо мөн өссөн. Тиймээс бид үүн дээр дүгнэлт хийж, 2019 онд гэрээгээ шинэчлэн байгуулах, хил орчимд нутаглаж буй малчид, иргэдэд ухуулах сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэх мэдээллийг Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал өглөө.

2019 онд хил хамгаалах чиглэлээр хийх ажлыг аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбаатар танилцуулахдаа, Энэ жил хил хамгаалах туслах хүчний чиглэлээр хэд хэдэн томоохон ажил хийнэ. Олон жил яригдсан хилийн инженерийн байгууламж буюу хилийн торыг сэргээх, засварлах ажил эхэлнэ. Үүнд улсын төсвийн хөрөнгийн 300 сая төгрөгийг тавьсан. Энэ ажлыг энгийн барилгын компани хийхгүй, хилийн цэргийн 0252 дугаар ангиар дүрэм стандартын дагуу гүйцэтгүүлнэ. Ингэж байж хил хамгаалал, хилчдэд, цаашлаад ард иргэдэд чухал ач холбогдолтой. Монгол Улсын хил дээр цагийн байдал үргэлж өөрчлөгдөж байдаг. Бид зөвхөн малын хулгай гэж ярьдаг байсан бол шинэ төрлийн зөрчлүүд яригдах боллоо. Үүнийг зөрчлийн тухай хуулийн дагуу зөв аргаар шийдвэрлэж, шинэ хуулиудыг ард иргэдэд сурталчлах явдал зайлшгүй шаардлагатай болоод байна. Дараагийн том ажил бол Бичигт боомт нь олон улсын шинж чанартай,байнгын үйл ажиллагаатай байдаг манай аймгийн хамгийн том боомт. Энэ боомтыг стандартад нийцсэн, үйл ажиллагаа нь жигдэрсэн, чадавхийг нь дээшлүүлсэн байх чиглэлд багагүй ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Холбоотой мэдээ